30 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан түргэний машины жолооч Л.Бат-Очир: Машинд хүн өнгөрөх л хэцүү. Ар гэрийг нь харахаар өр өмрөөд, өмнөөс нь шаналаад л

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 38 секунд

"Отгон гараандаа гарах гунигтай. Дахиж дуудлагад явахгүй, ажилдаа ирэхгүй гэж бодохоор нэг тийм хоосон, сонин мэдрэмж" гэж Л.Бат-Очир гуай ярив. Тэрбээр Нийслэлийн түргэн тусламжийн төвд 30-н жил жолоочоор ажиллаад энэ сарын 15-нд гавьяаныхаа амралтад гарсан юм. Хамт олон нь түүний отгон гарааны дараа хүндэтгэл үзүүлж, хадаг сүү барьж угтсан нь үймэрсэн сэтгэлийнх нь утсыг хөндөж нулимс дуслуулахад хүргэжээ. Тэрбээр жижигхэн "хар данс" хөтөлдөг бөгөөд уг дэвтэр дээрээ өдөрт хэдэн дуудлагад явснаа тэмдэглэдэг аж.

Нэг жилд 2200-3000 хооронд дуудлагад явдаг гэхээр Л.Бат-Очир гуай 30 жилийн хугацаанд 66-90 мянган дуудлагад явж, олон мянган хүний жаргал, зовлонтой үеийг хамт хуваалцсан байна.

Бааз нь хувьчлагдаж, 103-тай холбогдсон нь

Л.Бат-Очир гуайн аав тээврийн жолооч байжээ. Тэрбээр багаасаа л машин тэрэгтэй ойр өссөн учраас аавынхаа мэргэжлийг өвлөхөөр шийдсэн байна. Ингээд ахуйн тэээврийн 38 дугаар баазад жолоочоор ажиллаж эхэлсэн ч удалгүй хувьчлагджээ. Яг энэ үед Л.Бат-Очир гуайн хар багийн найз н.Батсайхан 103-т хамт ажиллах санал тавьснаар 103-тай амьдралаа холбосон нь энэ. Тэрбээр сайн найзтайгаа хамт 30-н жил ажиллаж, тэд хэдхэн жилийн зайтай гавьяаныхаа амралтад гарчээ.

Түүнд буцаад ажиллах санал тавьжээ

Тэрбээр гавьяаныхаа амралтад гараад яг найм хонож байгаа бөгөөд Гачууртад лагер дээрээ хэсэгтээ амарна гэнэ. Гэсэн ч 30-н жилийн дадал хүнийг амар орхихгүй. Тэрбээр өглөө бүр 06:00 цагт сэрж, ажлаа нууцхан үгүйлээстэй. Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс Л.Бат-Очир гуайд буцаад ажиллах санал тавьсан байна. Түүний хувьд хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа гэнэ. Энэ талаар ярихдаа "Дассан хамт олонтойгоо дахиад ажиллавал зүгээр ч юм уу. Танихгүй газар ажиллаж байснаас таньдаг газраа байж байвал дээр юм уу даа ч гэж бодогдох юм" гэв.

Гэрээс нь аваад явах замд өнгөрнө, замдаа машинд төрнө. Олон зүйл энэ машинд өрнөнө.

Түргэний машины жолооч ганц машин барихгүй сувилаг ч хийнэ

Л.Бат-Очир гуай ярихдаа "Хүний амьдралд баярлах, гуних олон зүйл болдог. Хамгийн сайхан нь машинд хүүхэд төрөх. Бид нар эмчтэйгээ нийлээд л үзэж тарна. Багаж, тариа, хүйний боолтоос авхуулаад авч өгнө. Манай жолоочид бүгд анхан шатны тусламж үзүүлэх сургалтад байнга суудаг. Жолоочид бүгд хүзүү, хөл гар хугарахад чиг тавьж боож сурсан. Дуудлагаар очсон үед эмчдээ тусалдаг" гэв.

Эмчтэйгээ тусламж үйлчилгээ үзүүлэхдээ сувилагч болно. Машиныхаа тоног төхөөрөмжийг хариуцахаар техникчээ хийнэ гээд жолооч хүнээс олон ур чадвар шаарддаг аж.

Тэрбээр үргэлжлүүлэн "Машинд хүн өнгөрөхөд ар гэрийнхнийг нь харахад их хэцүү. Өр өмрөөд, өмнөөс нь шаналаад л. Залуу насандаа үүнээс болж шантраад ажлаа орхих талаар ч бодож байлаа. Гэхдээ би чинь удам дагасан жолооч, бас ажилдаа хайртай болохоор үлдэж байсан. Тэр цагаас хойш аль хэдийн 30 жил өнгөрчээ. Цаг хугацаа ч хурдан юм" гэж ярилаа.

Ер нь 103-ынхан зовлон, бэрхшээл ихтэй. Гэр хорооллоор явахад нохой, шувуунд хөөгдөхөөс эхлээд дуудлага өгсөн айлын хүмүүс нь "Яасан уддаг юм" гэж загинаж, гар хүрэх нь энүүхэнд. Л.Бат-Очир гуайд гар хүрсэн тохиолдол ч олон гарч байжээ.

Тэр бүү хэл дуудлага өгсөн айлд согтуу хүмүүс байхаар эмч охидуудыг айлгаж, ичээх нь хэцүү гэдгийг ярьсан юм.

Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ
Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ
 
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ: Нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан. Задлан хийсэн эмч болон үйлчлүүлэгчдэд ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ: Нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан. Задлан хийсэн эмч болон үйлчлүүлэгчдэд ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!