Хоёр долоо хоногийн өмнө нэн шинэ өнгө аястай, адал явдалт уран сайхны киноны трейлер цацагдсан нь нэлээн хүлээлт үүсгэлээ. Киноны ур хийц гадныхнаас дутахааргүй сонирхол татсан нь “Эрдэнэсийн арал” УСК байлаа. Бидний мэдэх гавъяат жүжигчин Магсаржав гуайн хүү гэдгээрээ хэдийнэ үзэгчдийн танил болсон авъяаслаг жүжигчин М.Наранмөнх болон Б.Хунцэнгүүн нар гол дүрийг бүтээжээ.
Киноны трейлерээс харахад л Монголын “сор” гэгдэх жүжигчид тоглосон нь нэлээн сонирхол татлаа. Баргил хоолойгоороо үзэгчдийн сэтгэлд хоногшсон Ц.Цэрэнболд, 37 дугаар точкагаар танигдсан эсрэг дүрийн Э.Батнямбуу болон жүжигчин Г.Эрхэмбаяр нарын дүр бүтээсэн байна. Нэг үеэ бодвол гадныхаас дутахааргүй болсон цөөн хэдэн Монгол киноны нэг нь “Эрдэнэсийн арал” болжээ. Уг дэлгэцийн бүтээл өчигдөр албан ёсны нээлтээ хийж кино театруудад “тэсрэлт” авчирлаа.
Сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээлээр овоглох болсон “Оранж” энтертайментын “Авиа” студи “Зэв” фильмтэй хамтран бүтээсэн уг дэлгэцийн бүтээлчид эрдэнэсийн эрэлд гарч энэхүү бүтээлийг ийнхүү “Эрдэнэсийн арал” гэж нэрлэсэн тухайгаа илэрхийлэв. Тэдний зүгээс энэ бүтээл нь улс төртэй хамааралгүй гэдгийг тодотгож байлаа. Ингэхдээ нийгэмд өнөөх л хар бараан зүйлсийг харуулахаас илүү сайн, муу талыг шигтгэхийг илүү зорьжээ. Энэ утгаараа үзэгчдэд нэгийг бодуулах мессеж хүргэж буй талаар ярьсан. Ингээд бид үзэгчдэд хүрч буй “Эрдэнэсийн арал” уран сайхны киноны уран бүтээлчидтэй цөөн хором ярилцаж, тэдний сэтгэгдлийг энэ удаагийн сурвалжилгаараа хүргэж байна.
НАЙРУУЛАГЧ О.ЦЭГМЭД: УРАН БҮТЭЭЛИЙГ ӨӨР ӨНЦГӨӨР ХАРУУЛЖ, ЗАЛУУСЫН ДУУ ХОЙЛОЙГ ХҮРГЭХИЙГ ЗОРИЛОО
Кинонд жүжигчдээс гадна ямар өнгө аястай, ур хийцтэй болох эсэх нь найруулагчийн харах өнцөг, мэдрэмж, ур чадвараас шууд хамаарна. Зүйрлэвэл, удирдаачтай адил. Тэгвэл “Эрдэнэсийн арал” уран сайхны киноны найруулагчаар О.Цэгмэд ажилласан билээ. Тэрбээр “Уран бүтээлийн хувьд нийгэмд өөр өнцгийг залуустаа уриалах, тэдний өмнөөс дуу хоолой нь болох зорилгоор “Эрдэнэсийн арал” киног бүтээсэн. Ямар нэгэн байдлаар улс төрийг шүүмжилсэн зүйл байхгүй. Ерөнхийдөө болж бүтэхгүй зүйлийг харуулахаасаа илүүтэй сайн, муу аль аль талыг нь харуулах гэж хичээсэн” гэв. Түүнээс цаашид киноны үргэлжлэлийг хийх төлөвлөгөө байгаа эсэх талаар асуухад “Бид “Эрдэнэсийн арал дээр” амьдарч байгаа учраас цаашид үргэлжлэх байх. Гэхдээ эрдэнэсүүд нь хэр их солигдох юм гэдгийг үзэгчид шийдэх байх” гэсэн юм.
М.НАРАНМӨНХ: ӨНӨӨГИЙН БИДНИЙ АМЬДРАЛ ЯМАР БИЛЭЭ, ЗАЛУУС ДҮҮ НАР МААНЬ ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ, НЭГИЙГ ОЙЛГОЖ ХОЁРЫГ ТУНГААХ БАЙХ
Аавынхаа шийрийг хатааж буй авъяаслаг залуу уран бүтээлч М.Наранмөнх Монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг аль хэдийнэ бий болгож яваа. Түүний хувьд “Эрдэнэсийн арал” уран сайхны киноны гол дүрийг амилуулсан. Анзаарахад нэлээн “хүнд” дүрийг бүтээсэн. Харин энэ тухай тэр ярихдаа “Хүнд дүр гэхээс илүү өнөөгийн залуус бидний амьдрал ямар байгаа билээ дээ. Үүнийг л үзэгчдэдээ харуулах гэж их хичээсэн, чадсан болов уу гэж бодож байна. Энэ киног заавал үзээрэй. Харин ямар нэгэн улс төртэй холбоогүй, өнөөгийн нийгэмд болж буй залуус, дүү нарт маань нөлөөлөх болов уу. Болох, болохгүй зүйлийн талаар ойлголт авах байх” гэлээ. Үргэлжлүүлэн түүнээс уран бүтээлийн талаар ямар сэтгэгдэлтэй байгаа талаар асуухад “Юуны өмнө кино багийнхандаа хайртай шүү. Ард нь гарсан “Эрдэнэсийн арал” шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэх гээд цугласан байна. Бага зэрэг сандарч байна. Би киноныхоо зохиолыг уншаад надад үнэхээр таалагдсан. Иймээс шууд л дүр дээрээ ажилласан даа. Манай кино 76 сцентэй. Бүх сценд нь би ордог, амрах чөлөө завгүй бүх зургандаа л орсон" гэлээ.
ЖҮЖИГЧИН Э.БАТНЯМБУУ: ЭСРЭГ ДҮР БҮТЭЭХЭД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ
“37”-р точка, “Шар гэгээ” зэрэг уран сайхны киногоор үзэгчдийн сэтгэлд хүрсэн жүжигчин Э.Батнямбуу энэ удаа “Эрдэнэсийн арал”-д эсрэг дүр бүтээж буй. Тэрбээр “Эрдэнэсийн арал кинонд эсрэг дүр бүтээлээ. Өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс ондоо байлаа. Эсрэг дүр бүтээхэд хүмүүст их ойр очдог. Уур, үзэн ядалт хүргэж бухимдуулдаг үзэгчдэд ойрхон очдог учраас энэ дүрээ бүтээхэд би сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ өмнөх эсрэг дүрүүдээс онцлог, ялгаатай талыг нь харж ажилладаг” гэсэн юм. Түүнээс “Эрдэнэсийн арал” уран сайхны киноны тухай асуувал “Энэ кино бол Улаанбаатар хотын нийгмийн амьдралыг харуулсан. Нийслэлийг эрдэнэсийн арал гэж үзвэл эрдэнэс нь хаана байгаа юм бэ гэх агуулгыг найруулагч маань харуулж, дуугарахыг хүссэн. Үүнийг хүмүүс өөрсдийн өнцгөөр шүүн тунгаах байх. Миний хувьд “эрдэнэсийн арал”-д буруу тийшээ залж буй нэг төлөөлөл нь болж дүр дээрээ ажилласан” гэлээ.
Б.ХУНЦЭНГҮҮН: ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН ШУНАЖ ТОГЛОХООР ДҮР БАЙЛАА, МЭРГЭЖЛИЙНХЭЭ ҮНЭ ЦЭН, САЙХНЫГ МЭДРҮҮЛСЭН БОЛОХООР ИХ ТАЛАРХАЖ ХАЙРЛАЖ БАЙНА
Шинэ залуу жүжигчин Б.Хунцэнгүүн “Эрдэнэсийн арал” киногоор өөрийнхөө чансааг сорьсон нь түүний дүрээс харагдаж буй. Гол дүрийн нэг болсон тэрбээр “Киноныхоо зохиолыг уншиж байхад эмэгтэй жүжигчин бол шунаж тоглохоор дүр байна гэж бодож байсан. Энэ дүр дээр ажиллах санал ирэхэд нь цагаа тулахад айж байсан. Миний хувь хүн, ажиллаж байсан дүрүүдээс тэс өөр байсан. Энэ дүр мэргэжлийнхээ үнэ цэн, гоё сайхныг мэдрүүлсэн болохоор үнэхээр хайртай бас талархаж байна” гэлээ.
Ийнхүү кино үзэгчдийн хүртээлж болж байгаа нь уран бүтээлчдийн хувьд баярт мөч байлаа. Энэ үеэр гол дүрийг бүтээсэн М.Наранмөнх Соёлын тэргүүний ажилтан болж баяр дээр баяр нэмсэн үйл явдал тохиов. Мөн жүжигчин Б.Золзаяагийн нөхөр жүжигчин Г.Алтандуулга эхнэртээ гэнэтийн бэлэн барьж гэрлэх санал тавьсан нь онцлох үйл явдлын нэг байлаа.
Зөвхөн жүжигчид найруулагчдаас гадна киноны үндсэн суурь болох зохиолыг нь бичиж зураачийн туслах, гэрэлтүүлэгч, зураглаачийн туслах болон туслах эвлүүлэгч, фото зурагчин, дизайнер, нүүр хувиргагч, дууны найруулагч, дууны оператор зэрэг олон залуусын хүч хөдөлмөр, ур ухаанаар “Эрдэнэсийн арал” бүтсэнийг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!