Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" энэ бямба гарагт тохиож буй. Тодруулбал, жил бүр Монгол бахархлын өдрөөр төр, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулж, үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонгоор НҮБ-ын найм дахь ЕНБД БНСУ-ын иргэн Бан Ги Мүнийг шагнахаар болсон тухай ЕТГ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ. Тэрбээр "энэ жилийн "Чингис хаан" одонгоор нэгдүгээрт Монгол Улсынхаа хөгжил цэцэрлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэнийг, хоёрдугаарт, дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг шагнаж алдаршуулан Чингис хааныхаа нэр алдрыг дэлхийд дуусгаж байхаар холбогдох хууль, тогтоомжоор шийдвэрлэсэн. Үүнийг дагуу энэ жил дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан НҮБ-ын найм дахь ЕНБД Бан Ги Мүнийг "Чингис хаан" одонгоор шагнахаар шийдвэрлэлээ. Бан Ги Мүний тухайд БНСУ-ын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол-Солонгосын харилцааг стратегийн түвшинд өргөжүүлж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хоёрдугаарт НҮБ болон Монгол Улсын харилцааг шинэ шатанд гаргасан. Түүнчлэн далайд гарцгүй орнуудын төвийг Монгол Улсад байгуулж, тээвэрлэлт, эдийн засаг, геополитикийн онцгой нөхцөл байдлыг уялдуулан дэмжлэг үзүүлсэн. Гуравдугаарт, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх, цөлжилтийн эсрэг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх олон төсөл арга хэмжээнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар олон дэмжлэг үзүүлж ажилласан эрхэм юм" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!