УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өчигдөр /2024.10.29/ хуралдсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах дэмжлэгийг 2023-2024 оны хичээлийн жилд хэчнээн багш, ажилтны хүүхэд авсан болон шалгуурт хангаагүй гэдэг шалтгаанаар хичээн хүүхэд хасагдсан зэрэг асуултад Боловсролын сайд П.Наранбаяр хариулав. Тэрбээр:
-2023-2024 оны хичээлийн жилд "Багш, багш мэргэжлийн суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр 657 суралцагчид 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Харин суралцахыг хүсэгч магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийг сонгосон байх шаардлагын дагуу судалгаагаар 176 суралцагч хасагдсан.
Боловсролын өрөнхий хуулийн 12.10-д заасны дагуу орон нутагт мэргэжлээрээ ажиллах багш /хөрвөх/ 88 суралцагчид 155.4 сая төгрөгийн, багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн 680 суралцагчид /өндөр оноо/ 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.
Бакалаврын сургалтын багш мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа нийт 1425 суралцагчид Боловсролын зээлийн сангаас 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Харин 2023-2024 оны хичээлийн жилд боловсролын чиглэлээр магистрын сургалтын үндсэн хөтөлбөрөөр багш бэлтгэдэг их сургуулиудад суралцаж байгаа 19 суралцагчид 22.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон. 2024 онд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд олгох мөнгөн тэтгэмжид 105.3 тэрбум төгрөг зарцуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!