УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар боомтын сэргэлтийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэтгэлцэх байв. Гэвч Ерөнхий сайд эзгүй байгаа учраас Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр орлож, мэдээллийг танилцуулсан юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан бухимдалтай хандаж “УИХ-ын Дэгийн тухай хуулиар сар бүрийн сүүлийн долоо хоногийн тав дахь өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө мэдээлэл хийх ёстой. Өөрөө мэдээлэл хийхдээ Засгийн газрын гишүүдийг байлцуулна гэж УИХ-ын Дэгийн тухай хуулийн 112-ын 5-д заасан. Энэ хүрээнд өнөөдөр Ерөнхий сайд мэдээлэл хийх ёстой. Мэдээлэл хийгээд асуулт явсны дараа Ерөнхий сайдтай УИХ дахь АН-ыг төлөөлж миний бие мэтгэлцэх ёстой байсан.
Гэтэл Ерөнхий сайд орж ирсэнгүй. Орж ирэхгүйгээр барахгүй өөрийнхөө өмнөөс Монгол Улсын тэргүүн шадар сайд Л.Гантөмөрийг явуулж, Боомтын сэргэлтийн тухай мэдээлэл хийлгэсэн. Ядаж энэ мэдээллийг Боомтын сайд нь хийх ёстой.
Дээрээс нь мэтгэлцээнд Боомтын сайдтай ор гэнэ ээ. Тэгэхээр энэ Засгийн газрын тухай хуулиар зохицуулагдаж байна. Тус хуульд Ерөнхий сайд байхгүй бол Шадар сайд орлоно гэсэн байна. Гэтэл өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиар Засгийн газар гүйцэтгэх байгууллага. УИХ дээр нь байдаг. Ийм байтал УИХ-ын Дэгийн тухай хуулийг Ерөнхий сайд зөрчсөн. Тиймээс мэтгэлцээн болохгүй гэсэн үг. Одоо би ямар санал тавих вэ гэхээр. Яг одоогоор сөрөг хүчний намууд байр сууриа илэрхийлж байна. Үүний дараа УИХ дахь АН-ыг хурал хаяхыг уриалж байна” гэв.
Улмаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан чуулганы хуралдааныг орхин гарлаа.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!