УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлттэй танилцаж, Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Төсвөөс гадуурх төсөв Монгол Улсад өнгөрсөн хугацаанд явж ирсэн. УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан, УИХ-аар хэлэлцэгдэж батлагдаггүй. Жишээ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас бараг 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт гэх үү, зээл гэх үү утаагүй түлшний үйлдвэр рүү хийчихсэн. Мөн нефть гэнэ үү, нүүрс дамжуулах хоолой гэсэн хэдэн их наядаар хэмжигдэх төсөл ч байна. Бүр Багануурын нүүрсний уурхайд зээл өгсөн гээд банк, санхүүгийн үйл ажиллагааг хүртэл явуулсан. Уг нь төсвийн хөрөнгүүд чинь татвар, төсөв, ноогдол ашиг гээд орлого талдаа нэгтгэгдээд, УИХ-аар хэлэлцэн батлах ёстой. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр нойл барих, 1.4 их наяд төгрөгөөр цахилгаан, дулаан тэглэх зэрэг асуудлуудад ямар ч УИХ-ын шийдвэр гараагүй. Гэтэл Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бид гурван их наяд төгрөг тойрч ярих болчхоод байна. Атал үүнээс хэд дахин их мөнгийг улсын төсвөөс гадуур зарцуулаад байгаа юм. Үүнд Үндэсний Аудит дүгнэлт гаргадаг уу. Буруу гэж үзсэн бол ямар акт, дүгнэлт гаргаж байсан юм.
Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч Я.Самбууням: Бид жил бүр Засгийн газрын нэгдсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн тайланд аудит хийдэг. Төрийн өмчит компаниудаас төсвийн дансаар дамжихгүйгээр шууд зарцуулалт хийж буй асуудалд сөрөг дүгнэлтүүдийг өгдөг байсан. Тухайлбал, ковидын үед Эрдэнэт ТӨҮГ-аас уур, ус, цахилгааны төлбөрийг хариуцаж төлж байсан 1 их наяд төгрөгийн төлбөр байгаа. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой асуудал ч бий. Тиймээс УИХ болон ЗГ-т энэ асуудлаар зөвлөмжүүд хүргүүлж ажилласан байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!