УИХ-ын гишүүн, ИЗНН-ын гишүүн М.Нарантуяа-Нара өнөөдөр хэвлэлд мэдээлэл өглөө. Тодруулбал, ИЗНН-ын Үндэсний хороо өчигдөр хурлаа хийж М.Нарантуяа-Нараг намын дэд даргаас чөлөөлсөн шийдвэр гаргаад буй билээ.
Тэгвэл тэрбээр уг асуудалтай холбогдуулан хэвлэлд ярихдаа "УИХ-д намаа дөрвөн суудалтай болгохын төлөө маш их хичээж ажилласан. Хөрөнгө, хүчээ шавхсаны дүнд намайг дэд даргаас буулгаж байна. Хэдий надад улс төрийн туршлага байхгүй, цагаан цаасаараа байгаа ч гэсэн өмнө нь УИХ-д 2004-2008 онд нэг удаа сонгогдсон Б.Батбаатар даргыг хамаагүй муу туршлагатай улс төрч гэж хэлнэ. Намын дарга ах, дүү, төрөл төрөгсдийнхөө хүрээнд хурал зохион байгуулсан гэж хэлж болно. Нэг намын даргын саналын эрхтэй Үндэсний хороонд намын дарга нь ах, дүү гуравтайгаа хамт байгаа нь шударга явдал уу. Нэгэнт ард түмний итгэлийг олж авсан ИЗНН шударга бус байдлыг бий болгосныхоо төлөө өөрөөсөө үлгэрлэж татан буугдах ёстой" гэв.