Чанаргүй шугам хоолойноос үүдэж Хан-Уул дүүргийн Яармаг орчмын оршин суугчид зэвтэй ус хэрэглээд дөрвөн жил болжээ. Зэвтэй уснаас болж эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирч байгаа талаар оршин суугчид их ярьдаг. Иймд энэ намраас цэвэр ус хэрэглэх боломж бүрдэх тухай Улаанбаатар хотын удирдлагууд мэдээлж байв. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байна. Өчигдөр гэхэд 1.5 км шугамыг шинэчилсэн бол арваннэгдүгээр сарын 15-нд ажлыг бүрэн дуусгаж, шугамыг ашиглалтад оруулах нь.
Ийнхүү цэвэр усны үндсэн шугамыг лабораториор баталгаажсан, зэв үүсгэхгүй хоолойгоор сольсноороо Яармаг орчмын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ундны усыг эрүүлжүүлэх юм. Цаашлаад нийслэлд олон жил шинэчлээгүй шугам хоолойг шинээр барих, үндсэн гол шугамуудыг шинэчлэх зэрэг ажлыг гүйцэтгэж буй. Эдгээр ажлын тендерт аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг хотын дарга мөн уриаллаа. Тухайлбал, дээрх 4.8 км цэвэр усны шугамын ажил гүйцэтгэх тендерийг 3 удаа зарлахад компаниуд материал ирүүлээгүй учраас Ус сувгийн удирдах газраас ажлыг хүлээн авч, гүйцэтгэж байгаа юм.