Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын Холбооны “саарал жагсаалт“-аас Монгол Улсыг албан ёсоор гаргажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 19 секунд

Европын Холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын Зөвлөл энэ оны аравдугаар сарын 6-ны өдөр хуралдаж, Монгол Улсыг Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-ыг баталсныг сайшааж, “саарал жагсаалт”-аас Монгол Улсыг албан ёсоор гаргах шийдвэр гаргажээ.

Татварын асуудлаар мэдээлэл солилцдоггүй, ил тод байдлыг хангаагүй, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн орчин нь дутмаг гуравдагч улсын буюу “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт буюу Хар жагсаалт”-ыг Европын Холбоо 2017 оноос хойш хөтлөж байна. Харин энэхүү жагсаалтанд Монгол Улсыг 2017 оны арванхоёрдугаар сарын 05-нд оруулсан. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яамны хамтарсан хүчин чармайлтаар 2018 оны 1 дүгээр сард тус “хар жагсаалт”-аас манай улс богино хугацаанд гарч хяналт-ажиглалтын “саарал жагсаалт”-д шилжсэн.

Энэхүү жагсаалтаас гарахын тулд татварын ил тод байдал, мэдээлэл харилцан солилцоог хангах, татвараас зайлсхийхтэй тэмцэх олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 2017 онд 350 дугаар тоот тогтоол баталж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны олон улсын форум”-д гишүүнээр элссэн. Уг байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу мэдээлэл харилцан солилцох, ил тод байдлыг хангах, хамтран ажиллах, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн зохицуулалтыг татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд дотоодын хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлсэн байна.

Мөн Европын Холбооны өмнө хүлээсэн үүргийн хүрээнд “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц””-ыг Монгол Улсын Их Хурал энэ оны нэгдүгээр сарын 3-нд соёрхон баталж, зургаадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул "саарал жагсаалт"-аас гаргажээ.

Гал унтраах зориулалтын 40 автомашин хүлээн авчээ
Гал унтраах зориулалтын 40 автомашин хүлээн авчээ
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц