“Google” компани Улаанбаатар хоттой түгжрэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллах санаачилга дэвшүүлэн, өнөөдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Google Maps компанийн Ази Номхон Далайн бүсийг хариуцсан захирал Самуэл Жесси болон холбогдох албаныхан оролцсон юм.
“Google” компани өмнө нь ХБНГУ-ын Хамбург, Индонез улсын Жакарта, АНЭУ-ын Абу Даби, Энэтхэг улсын Бангалор зэрэг дэлхийн томоохон 10 хотод түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Ийнхүү Google хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр хиймэл оюун ухаанаар тооцоолж, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд зохицуулалт хийх программ хангамж дээр хамтарч ажиллах 11 дэх улс боллоо.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот өөрийн эзэмшилд байдаг 170 авто замын уулзварыг бүрэн камерын нэгдсэн системтэй холбох ажил арваннэгдүгээр сарын 1-нд дуусна. Үүнтэй зэрэгцэн уг 170 авто замын уулзварыг хиймэл оюун ухаанаар нэгдсэн удирдлагаар зохицуулах AI технологийг нэвтрүүлэхэд Google компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ” гэв.
Уулзалтын төгсгөлд талуудаас AI технологийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов. Мөн нийслэлийн зүгээс цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!