Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амгалан: НИТХ “зориггүй” төлөөлөгчдөөр дүүрсэн

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
7 минут 8 секунд

Эдийн засагч Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр энэ удаагийн НИТХ-ын сонгуульд БГД буюу 1-р тойрогт ИЗНН-аас нэр дэвшихээр болсон юм.

-Таныг Эдийн засагч гэх байдлаар нийгэмд мэднэ. Яагаад ийнхүү улс төрд орохоор болов. Тэр дундаа ИЗНН-ыг сонгох болсон шалтгаан юу байв?

-Нэгдүгээрт би цүнх баригч баймааргүй байна. Ийм боломж ч байхгүй. Яагаад гэхээр би 10 гаруй жил Монголын эдийн засаг болон түүнд нөлөөлж буй дэлхийн эдийн засгийн хүчин зүйлийн талаар судалгаа хийсэн. Хоёрдугаарт, би эдийн засгийг шинжлэх ухааны түвшинд судалсан. Тийм учраас өөрийн сурсан мэдсэн зүйлээ бодлого болгож, нэвтрүүлэхийг хүсэж байгаа. Тиймээс энэ бодлогыг дэмждэг, бодлогыг хэлэлцүүлж байгаа улс төрийн хүчнийг хайж эхэлсэн. Энэ бол Иргэний зориг, ногоон нам байсан. ИЗНН-ын дарга Б.Батбаатар надад хамтарч ажиллахыг санал болгосон. Сурсан мэдсэнээ бодлого болгон хэрэгжүүлэхэд ИЗНН гүүр болох учраас энэ намыг сонгосон.

Яагаад улс төрд орох болсон бэ гэхээр бид гаднаас нь олон жил ярилаа. Дотор нь орж, яриад байгаа зүйлсээ ажил хэрэг болгох шаардлагатай учраас улс төрийг сонгосон гэж хэлж болно.

-Намын дарга Б.Батбаатараас санал ирсэн гэлээ. Хэзээ санал ирсэн юм бэ?

-Одоогоос яг жилийн өмнө санал ирээд, 2023 оны есдүгээр сарын 7-нд ИЗНН-д элсэж байлаа.

-Иргэд, олон нийтийг төөрөгдүүлэх арга хэрэглэж байгаад нь харамсалтай байна-

-НИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байна. Гэтэл улс төрийн намууд ил, далд байдлаар өрсөлдөөд, нэгнээ харлуулах үйл явц өрнөөд эхэллээ. Энэ үйл явцыг та юу гэж харж байна?

-Ер нь сурталчилгаа гэдэг бол эрх барьж буй нам нь хийж бүтээснээ тайлагнадаг, дараа нь алдаа оноогоо хэрхэн засах талаар хэлэлцдэг ийм л зүйл байх ёстой. Харин сөрөг хүчний намууд нь бидний хийж чадах зүйлс энэ байна, ийм ийм илүү зүйлсийг хийж чадна гэх байдлаар ярих зүйл юм. Түүнээс биш ард түмний сонгох, мэдэх, мэдээлэл авах эрхийг хязгаарлаж, өөрсдийн хувийн хаягаараа лайв хийх байдлаар иргэдийг төөрөгдүүлдэг технологи сүүлийн 3-4 жилд идэвхтэй явлаа. Өмнө нь ч бид харж л байсан. С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор маш их PR хийж, ард түмний анхаарлыг татаж сонгогддог технологи. Энэ нь сүүлдээ илүү боловсронгуй болсон. Улс төрийн этик соёл алга. Нийслэлийн Засаг дарга хүн өөрийн харьяа мэдээллийн сувгуудаараа цахим хаягаараа ажлаа тайлагнах байтал өглөө ажилдаа явах замдаа энэ мэдээллийг үнэгүйдүүлж байна.

Нөгөө талдаа бидний бродюрийг нэг хүн эвдчихлээ гээд мэдээлэл хийгээд байгаа. Хэрвээ үнэхээр эвдсэн бол үүнийг шалгадаг хууль хяналтын байгууллага байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талд нь “Би эвдээгүй шүү, Өвөрхангайд явж байна” гэх байдлаар хариу өгөөд байдаг. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр башир арга сурчихсан. Ардын намынхан хийсэн ажлаа тайлагнаж, иргэдэд сонгох боломжийг нь олгох байтал иргэдийг төөрөгдүүлж санал авдаг хар технологи нэвтрүүлсэн байна. Одоо ард түмэн хэрсүү байх ёстой. 16 нам, эвслээс нэр дэвшигчид өрсөлдөнө. Гэтэл зөвхөн Нямбаатартангууд, “Женкотон”-ууд өрсөлдөөд байж болохгүй. Иргэд, олон нийтийг төөрөгдүүлэх арга хэрэглэж байгаад нь харамсалтай байна.

УИХ-ын сонгуулиар та бүхэн харсан. С.Зориг агсны хэргийн талаар ярьсаар байгаад сонгууль болсон. МАН, АН, ХҮН нам тус тусын мөрийн хөтөлбөртэй гээд сонгуульд тусдаа оролцсон ч гарч ирээд бид хамтдаа гээд тэврэлдээд авсан. Амлахдаа нэг өөр, гарч ирснийхээ нэг өөр байдаг байдлаас ангижрах ёстой.

-Та яриандаа бодлого, төлөвлөгөө ярьсан нам, нэр дэвшигчийг сонгох хэрэгтэй гэлээ. ИЗНН-ын нийслэлийн намын хороо энэ удаагийн сонгуульд ямар бодлоготой оролцож байна?

-ИЗНН бол хүртээмжтэй, ногоон байдлыг зоригтой бүтээе гэдэг зорилгын төлөө явж байгаа. Ард түмний амьдралд бодитой хөрөнгө санхүүгийн зөв хуваарилалтын гүүр нь байх ёстой. Бид өнөөдөр популист амлалт өгөхгүй, судалгаанд тулгуурласан зөв төлөвлөгөө боловсруулж, иргэн бүрд хүргэе гэсэн зорилгын үүднээс ИЗНН оролцож байгаа. Сурталчилгааны албан ёсны хугацаа эхэлсний дараа энэ бүгдийгээ танилцуулаад явна.

-Х.Нямбаатар зүгээр л нэг “хэрүүлч” хүн болж хувирсан байна-

-Сүүлийн 8 жилд МАН улс, нийслэлд эрх барьсан. Энэ хугацааг хэрхэн дүгнэж байна?

-Ард түмэн бол эрх баригч болон сөрөг хүчнийг сайн ажиллаасай гэж хүсдэг. Гэтэл нийслэлд сонгогдсон төлөөлөгч нар дандаа ах нарын, дарга нарын “дохиур”-аар явж байна. Нийслэлийн төлөөлөгч нар ямар “зориггүй” болсон. Өөрөөр хэлбэл, дарга нарынхаа өөдөөс үг хэлж чадахаа больсон. Нийслэл хөгжихгүй байгаа шалтгаан нь энэ. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа хотод хотын бодлого, төвлөгөөг огт ярьдаггүй.

Нийслэл хот тусдаа зорилго, хөгжлийн бодлоготой байх ёстой. Тийм учраас нийслэлийн төлөөлөгч нараар зоригтой, бодлоготой хүмүүсийг сонгох хэрэгтэй. Ах нарынхаа малгайн доороос гарч чаддаггүй хүүхэлдэйнүүдээс салах ёстой. Ингэж байж нийслэл хөгжинө.

-Сүүлийн 1 жил гаруй хугацаанд нийслэлийг Х.Нямбаатар удирдлаа. Түүний үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?

-Ажил хийхээсээ илүү популизм хийсээр байгаад таарлаа. Энэ хүн бүх бодлого, мэдээллийн сувгуудыг үнэгүйдүүлж байна. Ёс суртахууныг үнэгүйдүүллээ. Зүгээр л нэг “хэрүүлч” хүн болж хувирсан байна. Нийслэлийн удирдлага хүнд этик байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Ж.Ганбат: “Тавантолгой түлш“ ХХК-ийг нийслэлийн өмчид шилжүүлж байгаа нь  хот утааны асуудлаа анхаарах учиртай
Ж.Ганбат: “Тавантолгой түлш“ ХХК-ийг нийслэлийн өмчид шилжүүлж байгаа нь хот утааны асуудлаа анхаарах учиртай
 
“Найман шарга“ төвд ам.долларыг 3414 төгрөгөөр арилжиж байна
“Найман шарга“ төвд ам.долларыг 3414 төгрөгөөр арилжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.