ПОНТЕВЕДРА-2024 бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра хотод эхэлсэн бөгөөд 700 орчим тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилж байгаа юм. Тэгвэл,
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50кг, 55кг, 59кг, 68кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгараад байна.
Тэрбээр эхний тойрогт Канадын тамирчныг 11-0, дараа нь Азербайжаны бөх Самадоваг 6-2, хагас шигшээд Японы тамирчин Карина Хондог 1-1 харьцаатай сүүлчийн оноогоор ялсан юм. Ингэснээр аваргын алтан медалийн төлөө АНУ-ын бөх Кристелл Н.Родригестэй хүч үзнэ. Испанийн Понтеведра Улаанбаатар хотуудын хооронд -6 цагийн зөрүүтэй бөгөөд медалийн төлөөх барилдаан орон нутгийн цагаар 18:00 буюу манайхаар шөнийн 00.00 цагт эхэлнэ.
Дашрамд сонирхуулахад, Б.Халиун нь эгч Б.Хулангийн хамтаар энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд дасгалжуулагчаар нь олимпын 14 алтан медалийг эх орондоо авчирсан Японы домогт дасгалжуулагч Сакае Казухито ажилладаг юм.