ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Харин түүний айлчлалыг эсэргүүцэж, NO war хөдөлгөөний залуучууд жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр тэднийг цагдаагийн байгууллагаас баривчилсан талаар тус хөдөлгөөний гишүүн Б.Цацрал цахим хуудастаа нийтэлжээ.
Харин энэ талаар цагдаагийн байгууллагаас "NO war хөдөлгөөний залуучуудыг баривчлаагүй. Цагдаагийн хэлтэст аваачиж, холбогдох хууль дүрмийг сануулсан. Тодруулбал, тус хөдөлгөөний залуучууд тогтоосон бүс буюу төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеийн хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйл "Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих, мөн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн үйлдэлд 15.2 дугаар зүйл Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах гэсэн хуулийн хүрээнд шалгаж байгаа" гэх тайлбарыг өгсөн байдаг.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл энэ талаар "ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан жагсаал болж болзошгүй тул иргэдийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж хууль сахиулахыг цагдаагийн байгууллагад урьдчилан даалгасан. 09.03-ны өдөр 11.45 минутад "No war" хөдөлгөөнийхөнтэй цагдаагийн албан хаагчид уулзаж, хамгаалалтад авсан нэвтэрч болохгүй газар, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой байршлуудын талаар мэдээлэл өгчээ.
Харин тус хөдөлгөөнийхөн хамгаалалтад авсан газарлуу нэвтрэхээр дайрч, цагдаагийн албан хаагчдын шаардлагыг эсэргүүцсэн нь Зөрчлийн тухай хуулийн 5.8, 15.2 дугаар зүйлд заасан шинжтэй байсан тул саатуулсан гэсэн мэдээлэлтэй, нэмж тодруулж байна. Айлчлал төрийн дээд хэмжээнд явагдаж буй тул олон улсын жишгээр 2 талаас өндөр зэрэглэлийн хамгаалалт авагдаж, хориглосон бүсрүү хүч хэрэглэн нэвтэрсэн тохиолдолд нэвтрэгч иргэнд эрсдэлтэй байдал үүсдэг тул цагдаагийн ажлыг ойлгохыг хүсье. Гомдол саналыг хүлээж авч, хуулийн дагуу шийдвэрлэхэд бэлэн байна" гэлээ.