Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Н.Учрал сайд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тууштай өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт бодитой хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолсон юм.
Элчин сайд Чой Жин Вон хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийг хичээн ажиллахаа илэрхийлэв.
Талууд хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлд үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллахаа харилцан нотлов.
Түүнчлэн хоёр улсын иргэдийн харилцан зорчих урсгал ихээр нэмэгдэж байгааг дурдаж, Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ визгүй зорчих чиглэлээр нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгааг харилцан тэмдэглэв.