"Парис-2024" зуны олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаанууд өнөөдөр 5 дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр Монгол Улсыг төлөөлж 2 бөх барилдана. Тодруулбал,
Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд МУГТ, Үндэсний бөхийн улсын заан М.Лхагвагэрэл барилдана.
Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга, Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Пэрриштэй барилдах юм. Дараа нь Азербайжан, Египетын бөхчүүдийн аль ялсантай нь оноолт таарах аж.
М.Лхагвагэрэл эхний 2 өрсөлдөгчөө ялбал Гүржийн алдарт бөх Гено Петрашвилитай таарах магадлал өндөр байна. Туркийн домогт аварга, олимпын алт, хүрэл, ДАШТ-ий 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт Таха Акгүл болон олимпын хүрэл, ДАШТ-ий хошой аварга Ираны бөх Заре нар нөгөө хэсэгт хуваарилагджээ. Барилдаан Монголын цагаар 17:00 цагт эхэлнэ.
Харин эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд МУГТ П.Орхон Монгол Улсаа төлөөлнө. Тэрбээр хэсгийн эхний даваанд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Украины Ирина Колиаденкотой учраа таарлаа. Хэрэв түүнийг ялбал Швед, Болгарын бөхчүүдийн ялсантай барилдах юм.