Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар хотод салбар дундын уялдааг хангасан бодлого дутагдаж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 14 секунд

“Орон нутгийн Засаг захиргаа ба Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан “ICLEI” байгууллагын захирал Жу Шутай ярилцлаа.

-Зүүн хойд Азийн улс орнуудын хотын дарга нарын VI чуулга уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалтаар Азийн томоохон орнуудын хотын дарга нар дэд бүтэц, ногоон хөгжлийн асуудлаар туршлагаа хуваалцаж, санал солилцлоо. Таны хариуцаж байгаа “ICLEI” байгууллагын Зүүн Азийн бүс нутаг дахь салбар энэ удаагийн чуулга уулзалтад хэрхэн анхаарч оролцов?

-Юун түрүүнд “ICLEI” байгууллагын үйл ажиллагааны онцлогийг танилцуулах нь зүйтэй байх. Улс орнуудын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн нутгийн захиргаадын гишүүнчлэлээс бүрдсэн ОУ-ын байгууллага юм. Одоогоор дэлхийн 2500 гаруй хотуудыг гишүүнээр элсүүлсэн байна. Монгол Улсын хувьд Улаанбаатар хот болон Дархан хот манай байгууллагын гишүүн. Гишүүн орнуудынхаа тогтвортой хөгжилд хүрэх зорилтод нь техникийн болон зөвлөн туслах үйлчилгээг үзүүлдэг. Мөн тогтвортой хөгжлийн таван зорилтын хүрээнд гишүүн хотууддаа тус бүрийн онцлогт нь тохирсон дэмжлэгүүдийг үзүүлдэг юм.

Тиймээс энэ удаагийн чуулга уулзалтад Зүүн хойд Азийн улс орнуудын хотын дарга нар тогтвортой хөгжлийг хангахын тулд бодлогоо хэрхэн тодорхойлж, үр дүнд яаж хүрч байгаа талаарх мэдээллийг сонсож, мөн өөрийн байгууллагаас гаргасан таван зорилтыг гишүүн хотууд хэрхэн хүлээж авч, үйл ажиллагаандаа тусгаж буйг харж танилцах зорилготой оролцож байна.

-Та Улаанбаатар хотод хэд дэх удаагаа ирж байгаа вэ. Хот төлөвлөлт, дэд бүтцийн тулгамдсан асуудлуудыг хэрхэн ажиглав. Мөн “ICLEI” байгууллагын гишүүн хотын хувьд нь ямар зөвлөгөө, туслалцааг үзүүлж байна вэ?

- Би Улаанбаатар хотод анх 12 жилийн өмнө ирж байсан. Тухайн үед хүн амын тоо нь нэг саяд ч хүрээгүй байсан бол одоо 2 сая хүн ам руу дөхөж байгааг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын танилцуулгаас сонссон. Мэдээж хүн амын төвлөрөл, нягтаршлыг дагаад олон асуудлууд тулгамдаж байгааг анзаарсан. Тухайлбал, агаарын бохирдол, түгжрэл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор үерийн гамшиг нүүрлэх эрсдэл маш өндөр болсон байна.

Нэн тэргүүнд Улаанбаатар хотын захиргаа тогтвортой хөгжлийн зорилтуудыг урьтал болгосон оновчтой бодлогуудыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Миний хувьд бодлогын түвшинд Улаанбаатар хотод хэрэгжүүлж болох хэд хэдэн шийдлүүдийг танилцуулмаар байна. Хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарал маш ихээр нэмэгддэг. Тиймээс энэ чиглэлд тусгайлан анхаарч арга хэмжээ авах хэрэгтэй.

Агаарын бохирдлыг үүсгэж байгаа голлох салбар нь барилга, зам тээврийн салбар байна. Мөн эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй байгаа нь анзаарагдсан. Жишээ нь Улаанбаатар хотод өвөлдөө эрчим хүчний хэрэглээ ихэсдэг. Тэр хэмжээгээрээ агаарын бохирдол нэмэгддэг. Тиймээс эдгээр салбаруудаа цогц байдлаар авч үзэж шийдэлд хүрэх нь маш чухал.

Хамгийн чухал нь дээрх салбар хоорондын уялдаа холбоог хангасан бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш яг үнэндээ хотуудын хөгжлийн шийдэл бүхэн тухайн газар нутаг, хүн амын төвлөрлийн онцлогоос хамаарч янз бүр байдаг учраас Улаанбаатар хотын хувьд бодит нөхцөл байдлаа ойлгож хүн болоод байгальд ээлтэй бүтээн байгуулалтуудыг хийх нь зүйтэй юм.

УЛААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖУУДЫГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах шийдлүүдийг юу гэж хардаг вэ? Азын томоохон хотуудын дарга нар хот төлөвлөлтийн шийдлүүд, туршлагаасаа хуваалцлаа шүү дээ.

Улаанбаатар хотод замын хөдөлгөөний түгжрэл маш том асуудал болж байгааг би өөрийн биеэр мэдэрсэн. Миний хувьд чуулга уулзалтад оролцохоор ирээд Улаанбаатар зочид буудалд буудалласан. Тэндээс арга хэмжээ зохион байгуулж байгаа Шангри-Ла зочид буудал руу ирэхэд 80 минут зам дээр түгжирсэн. Хэрэв алхсан бол 10 минутын хугацаанд ирчих газар байлаа /инээв/.

Энэ юуг харуулж байгаа вэ гэхээр, түгжрэлийн цаана маш их эдийн засгийн боломж алдагдаж байна. Дээр нь хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байгаа зэрэг сөрөг үр дагаврууд их. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор манай “ICLEI” байгууллага байгальд ээлтэй эко бодлогын зорилтуудыг гаргасан байдаг. Тухайлбал, иргэд хувийн автомашинаараа зорчихоос илүү ундаг дугуй унах, олон төрөлт тээврийн хэрэгслээр зорчих, ойр газар бол явган алхах зэрэг сонголтуудаас хийх боломжийг нь хотын захиргаа бүрдүүлэх хэрэгтэй.

Хувийн автомашинд зориулсан авто замуудыг олноор барих бус нийтийн хэрэгцээнд тулгуурласан газар чөлөөлөлтийг хийж, хүмүүст тохилог орчинд алхаж, эсвэл дугуй унах, боломжоор хангах нь чухал байна.

Эцэст нь барилгын салбарт бид мөн тодорхой судалгаа, дүгнэлтийг хийсэн. Цаашид Улаанбаатар хотын ирээдүйн хөгжилд тулгуурласан санал зөвлөмжийг хүргүүлэхээр зэхэж байна.

Ярилцсанд баярлалаа

ДАНШИГ: Аймгийн алдарт уяач Д.Батаагийн цавьдар морь түрүү магнайд хурдаллаа
ДАНШИГ: Аймгийн алдарт уяач Д.Батаагийн цавьдар морь түрүү магнайд хурдаллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.