Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ынхны үе хоорондын ялгаа зөрчил рүү хөтөлж мэдэхээр байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 51 секунд

УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан дотор дахин зөрчил, тэмцэл хурцадхаар байгаа тухай нэг хэсэгтээ шуугиж байгаад чимээгүй болсон. УИХ-ын гишүүн нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нартайгаа хэл амаа олохгүй байгаа гэж шуурсан бол удалгүй МАН бодлого нэгдэн НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Сонгуулийн үр дүнд сайд дарга болно гээд чадаагүй зарим хүмүүс ч хэсэг хугацааны дараа тайвширч байдал намжимал болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Орон нутгийн сонгуулийн дараа МАН ялж чадвал багагүй томилгоонууд хийгдэх учраас сонгуульдаа амжилттай оролцож гомдогсдын хүслийг барагдуулах нь чухал болоод байгаа ажээ.

Тэгвэл орон нутгийн сонгуультай зэрэгцээд МАН-д дараа дараагийн улс төрийн нүүдлүүд хэдийн яригдаад эхэлсэн байна. Ирэх онд 100 жилийнхээ ойг тэмдэглэх МАН Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялалт байгуулах ёстой. МАН-д ялалт авчрах боломжтой хүн бол одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэж нэг хэсэг нь ярьж, намын даргаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ёстой гэж сурталдах болсон байна. Өөр нэг хэсэг нь Засгийн газар тогтвортой ажиллах ёстой Монгол Улс бол парламентын засаглалтай орон, шинэ үндсэн хуулир Ерөнхий сайд, Засгийн газрын эрх мэдэл, тогтвортой байдлыг нэлээд хангаад өгсөн учраас намын дарга үргэлжлүүлж Ерөнхий сайдаараа ажиллах ёстой гэж үзэж байгаа аж. Гэхдээ намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн гаргалгаа илүү давамгайлж дараагийн намын дарга, Ерөнхий сайд хэн бэ? гэсэн эрх мэдлийн битүү хуваарилалтруу МАН дахь гол бүлэглэлүүд хэдийн анхаараад эхэлсэн байна. Өмнө нь У.Хүрэлсүх, М.Энхболд гэсэн хүн дээр МАН-ынхан хуваагдаж байсан бол энэ удаа далаад оныхон, наяад оныхон гэсэн үеийн ялгарал явагдах магадлал өндөр байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнах ажиллагааг ТЕГ-ын удирдлагууд хууль бусаар зохион байгуулсан. Тагнуулын экс дарга нь Г.Занданшатарын дэмжлэгээр гарч ирсэн хүн гэх хэл ам гараад байгаа. Тэгвэл далаад оны төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг ч тагнаж чагнасан асуудлыг ч энэ хэл ам гарснаас хэдхэн хоногийн дараа сөргүүлж тавьсан билээ.

Мөн Засгийн газар дээр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хийгдэж байгаа ажлуудыг Л.Оюун-Эрдэнээс салгаж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярт өгсөн. Л.Оюун-Эрдэнэ Ж.Энхбаяр нарын харилцаа муудаж эхэлсэн гэх мэдээлэл хэвлэлээр хөрвөх боллоо. УИХ-д нэр дэвшээгүй, намаа удирдаж сонгуульд ялалт авчирсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эрх мэдэл нөлөө их байгаад Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар дуртай биш байгаа гэх мэдээлэл ч саарал ордноос сэм сонсогдох болов. Ийнхүү МАН-д Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан, Н.Нямбаатар тэргүүтэй 80-аад оны залуус нэг талдаа гарч, Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Я.Содбаатар тэргүүтэй арай дээд үеийнхэн нөгөө талдаа гарах ерөнхий хуваагдал явагдаж эхэлжээ. Хэдийгээр үзэлцэж эхлээгүй ч үе үеэрээ өрөө дамжин асуудлаа ярьдаг байдал нэлээд хавтгайраад байгаа аж. Мөн С.Бямбацогт, Л.Чойжилсүрэн, Ж.Мөнхбат зэрэг далаад оны төлөөлөл ч үеийнхэндээ хүч нэмэх магадлал өндөр байна. Учир нь тэд МАН-ыг сөрөг хүчин байхад, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад лидер гэгдэж явсан хүмүүс, МАН-дахь суурь нөлөө нь хэд хэдэн парламент дамжаад бэхжээд авсан. У.Хүрэлсүхийг явлаа гэхэд зүгээр харж суугаад доод үеийнхэндээ эрх мэдлээ алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Тэднийг нэгтгэж байгаа гол хүн нь эртнээс найзалж нөхөрлөж ирсэн Г.Занданшатар гэж саарал ордны бор шувууд жиргэж байна. Ийнхүү нэг хэсэг нам гүм байсан Монгол улс төрд эрх мэдлийн дахин хуваарилалт болох магадлал өдрөөс өдөрт нэмэгдэж байна.  

Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас анхны алтан медалиа авлаа
Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас анхны алтан медалиа авлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.