Нийслэлийн прокурорын газраас яллагдагч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг /2024.07.04-05/-ны өдрүүдэд хянан хэлэлцээд шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн талаар бид өмнө мэдээлсэн. Мөн түүнчлэн,
Яллагдагч А.Ганхуягийн өмгөөлөгч нараас гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч А.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.