УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд дарга нарыг сонголоо. Тодруулбал, АН-аас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг, МАН-аас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн юм.
Уг асуудлыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэж, нийт гишүүдийн 100 хувийн саналаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар УИХ-ын дэд даргаар сонгогдож байна.
Х.Булгантуяа нь “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх, Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх, “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер, “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх, “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга, МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан.
Б.Пүрэвдорж нь Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны дарга, Ховд аймгийн Ардчилсан намын дарга, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга, 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.