Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр боллоо.
Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба Зөв намаас ирүүлсэн “…Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан нам эвсэлд хувь тэнцүүлэн суудал хуваарилахад тавигдах шаардлага нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тул энэ заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байна. Иймд уг асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх хүртэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүнг, тодруулбал нам, эвсэлд жагсаалтаар нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох зарим асуудлыг хэлэлцэхгүй байхыг шаардаж байна” гэсэн агуулга бүхий шаардлагыг Хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ.
Шаардлагын хариуг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд санал хураалтын дүнг гаргах тухай нарийвчлан зохицуулсан хүчин төгөлдөр хуулийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргах эсэх нь Таны эрхийн асуудал болно” гэсэн албан бичгээр өгөв.