Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж буй юм.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш беларусийн талаас төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлалын үеэр уламжлалт, найрсаг харилцааг бататгаж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсанд баяртай байгаагаа Ерөнхийлөгч нар илэрхийлэв.
Талууд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Хоёр улсын Шинжлэх ухааны академи хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд беларусийн эрдэмтэд археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцох боллоо.
Олон монгол иргэн Беларусь Улсад суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн. Одоо тус улсын тэтгэлгээр манай 28 оюутан Беларусийн техник мэргэжлийн дунд сургууль, их дээд сургуульд суралцаж байна. Цаашид Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.