2006 онд Малайз Улсад Монгол бүсгүй бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу УИХ-ын сонгуульд ИЗНН-аас өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал, түүний хувьд охиныг нь онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийн тулд 17 жилийн турш уйгагүй явсны эцэст хоёр жилийн өмнө Малайзын Селангор мужийн Шах Алам хотын Дээд шүүх Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд 5 сая малайз рингит буюу 1.1 сая ам.долларын нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байдаг. Эл шийдвэрийн дараагаар тэрбээр нам гүмхэн байсан. Тэгвэл ИЗНН-аас түүнд УИХ-ын сонгуульд өрсөлдөх санал тавьсныг тэрбээр хүлээн авчээ.
Энэ талаар ИЗНН-аас "5-р сарын эхээр ИЗНН-аас нэр дэвшүүлэхээр С.Шаарийбуу гуайд "Урилга" гардуулсан билээ. Харин С.Шаарийбуу гуай өнөөдрөөс ажилдаа шуурхайлан оржээ. Ардчилсан хувьсгалын анхны гишүүн, ахмад зүтгэлтэн танд амжилт хүсье" гэжээ.