"Ашигт малтмалын лиценз"-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилж байна. Үдээс хойш "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхцал, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн" гэсэн сэдвээр мэдээлэл сонсож байгаа юм. Энэ үеэр "Хургатайхайрхан" ХХК-ийн эцсийн өмчлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг гэрчийн мэдүүлэг өглөө. Тэрбээр,
"Би өнөөдрийн сонсголд Хянан шалгах түр хорооны дарга, гэрчийн байр сууринаас оролцож байна. Олон ээдрээтэй, хүмүүсийг төөрөгдүүлсэн асуудал гардаг. Олон түмний өмнө тодорхой хариулт өгөх хэрэгтэй.
"Аспайр майнинг" гэх компани 2007 онд хөрөнгийн бирж дээр гарсан. Австралийн хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаа нь худалдаалагддаг. Би тус компанийн хувьцааг 2018 оноос 2019 оны арванхоёрдугаар сар хүртэл авсан. Өнөөдрийн байдлаар 52.5 хувийг миний бие эзэмшиж байгаа. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт бүх мэдээлэл ил тод байдаг.
Лицензийг "Хургатайхайрхан" гэх компани эзэмшдэг. Энэ компани тусгай зөвшөөрлөө авах үед би байгаагүй. 2008 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө авсан. Би "Аспайр майнинг" компанийн хувьцааг 2018 онд авч эхлэх үед 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчид байсан.
Нээлттэй компанийн хувьцааг авдаг шугамын дагуу өнөөдөр монголын эзэмшилтэй болгосон. Би нэг талдаа эх оронч сэтгэл гаргаж энэ компанийн хувьцааг авсан. Өнөөдөр энэ компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй" гэлээ.