Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Албан тушаалаараа дэнчин тавьсан эрхмүүд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 34 секунд

Сонгуулийн жил эхэлж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагууд шинэ он гарахтай зэрэгцэн өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Хуулийн зүйл, заалтын дагуу өөрийн албан тушаалаараа дэнчин тавьсан эрхмүүдийг энэ удаад багцлан танилцуулж байна. Тодруулбал, оны өмнөхөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр ч яамны Төрийн нарийн бичгийн дарга үүрэгт ажлаасаа чөлөөгдсөн бол Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ц.Сэргэлэн мөн л өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм.

Засгийн газрын хуралдаанаар орж чөлөөлөгдсөн дээрх гурван эрхмээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Баянзүрх дүүргийг онилсон бол Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ц.Сэргэлэн Дорнод аймгийг тойглооод удаж байна.

Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдоод жил ч хүрээгүй Г.Амартүвшин оны өмнөхөн ажлаа тайлагнаж, өнгөрсөн жил хүрэхгүй хугацаанд Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг хэрхэн нэмэгдүүлсэн талаараа олон нийтэд мэдээлэл өгч, үнэлгээ авсан. Энэ даруйдаа өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, банкир залуу 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр тохирчээ.

Монголын стратегийн орд газруудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгч сонгуулийн ажилдаа оржээ. УИХ-ын гишүүн агсан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд агсан Л.Одончимэдийн хүү бөгөөд аавынхаа төрсөн нутаг Дорноговь аймгийг “онилоод” удаж байна.

Удаах эрхэм бол оны өмнөхөн энгэрээ цоолж, гавьяат эмч хэмээн эрхэм цолыг хүртэж, олны хайр итгэлийг хүлээгээд байсан Хавдар судлалын үндэсний төвийн дарга, гавьяат эмч Ж.Чинбүрэн мөн л үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв. Түүнийг эрх баригч хүчин болох МАН-аас нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон гэдгийг саарал ордны бор шувуу дуулгаж байна.

Авлигын хэргээр шалгагдаж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байсан Н.Энхбаатар оны өмнөх МИАТ ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалдаа буцаад суусан юм. Харин оны өмнөхөн тэрбээр өөрийн хүсэлтээр дээрх албан тушаалаасаа татгалзаж, чөлөөлөгдөж байна. 2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт хүч үзэхээр ийнхүү өөрийн хүсэлтээр ажлаа өглөө хэмээн ярьж буй ч үнэн хэрэгтээ МАН-ын сонгуулийн штабад ажиллахаар болсон гэдгийг ойрын эх сурвалж дуулгаж байна.

Монголын үндэсний ууган сургуулийн нэг болох МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам Сонгуулийн тухай хуульд заасны дагуу ажлаа өгчээ. Тэрбээр оны өмнөхөн МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүүдийн Холбооны Эдийн засаг, санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр сонгуулийн бэлтгэл ажилдаа оржээ. Сонирхолтой нь, тэрбээр экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай тойрог булаалдаж байгаа гэдгийг ойрын эх сурвалж дуулгав. Тэрбээр Монголын нүүрсний экспортлогчдын магнатуудын нэг болох “Өсөх зоос” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чинбатын охин юм.

Үүнээс гадна Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга, ахлах прокурор О.Машбат МАХН-аас Дорнод аймагт нэр дэвшихээр ажлаа өгсөн болон ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Буянзаяа мөн л өөрийн хүсэлтээр ажлаа өгч 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан юм.

Ийнхүү төрийн албанд зүтгэж байсан дээрх эрхмүүд өөрсдийн албан тушаалаараа дэнчин тавьж, сонгуульд өрсөлдөхөө албан бусаар зарлалаа.

 

Түймэр дэгдэж байх үеэр Австралийн ерөнхий сайд арал дээр амарч байжээ
Түймэр дэгдэж байх үеэр Австралийн ерөнхий сайд арал дээр амарч байжээ
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.