Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн, Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Тухайлбал, Хот тосгоны удирдлагын зарчимд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, алслагдсан хот, тосгонд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, хот, тосгоны зохион байгуулалт, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, хотын зэрэглэл тогтоохтой холбоотой шийдвэр гаргахад их өгөгдлийн тооцоололд суурилах дэвшилтэт технологийг ашиглах зарчмыг тусгах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн төсөлд хот тосгоны хөгжлийг дэмжихээр харилцаа холбоо мэдээлэл, технологи ашиглах гэсэн зүйлийг нэмж хот, тосгоны удирдлага нь хот, тосгоны чиг үүргийг хэрэгжүүлэхэд инновац, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, юмсын интернэт зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шийдвэр гаргахаас өмнө тухайн шийдвэрийг цахим орчинд урьдчилан загварчилж үр дүнг тооцоолох дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд зохицуулалтын сэндбокс орчинд туршиж оршин суугчдын саналыг авах, харилцаа холбоо, мэдээлэл технологийн дэд бүтэц, мэдээллийн системийг бий болгох зэрэг зохицуулалтыг тусгах санал дэмжигдсэн байна.
Түүнчлэн тосгоны удирдлага нь тосгоны зөвлөл, тосгоны Захирагчаас бүртгэх бөгөөд Тосгоны зөвлөл 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх, Зөвлөлийн гишүүн Тосгоны захирагчийг оршин суугчдаас сонгох, төсөлд хотын зөвлөлтэй холбогдуулан тусгагдсан зохицуулалттай адил тосгоны зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлж анхдугаар хуралдааныг хуралдуулж чадаагүй, төсвөө батлаагүй, хуралдаан зарлаж товлосон хугацаанаас хойш хуралдахгүй 60 хоног өнгөрсөн бол тосгоны зөвлөлийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга, эсхүл орон нутгийн зэрэглэлтэй хотын захирагч тараах шийдвэр гаргах зохицуулалтыг нэмж тусгах саналыг гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралддаанд танилцуулахаар тогтлоо.