Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, тээвэрлэсэн хоёр иргэний зорчих эрхийг хязгаарлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 47 секунд

Иргэн П.Г, А.Т нар нь байгалийн ховор ургамал болох 1236.25 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч хадгалан улмаар 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Истана загварын тээврийн хэрэгсэлд ачиж нийслэлээс Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн явсан хэрэгт шүүхээс шийтгэл ноогдуулж шийвэрлэжээ.

Прокуророос тэдгээрийг байгалийн ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлджээ.

Анхан шатны шүүх П.Г, А.Т нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, 1236.25 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийн үнэ болох 61,812,500 төгрөгийг болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8,000,000 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулсан байна.

Дэрвэгэр жиргэрүү ургамлын модлог үндэс нь газрын хөрсний чийгийг барьж экосистемийн тэнцвэрийг хадгалах үүрэгтэй төдийгүй үндсээр нь түүсэн тохиолдолд дахин төлждөггүй тул тухайн орчмын хөрс сийрэгжин доройтож цөлжилт үүсгэдэг онцлогтой.

Мал аж ахуй болон хүний хүчин зүйлээс шалтгаалж дэрвэгэр жиргэрүү ургамлын тархац, нөөц багасаж, устаж болзошгүй эрсдэлд орсон тул Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад хамруулсан.

Иргэн ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох ба судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн ургамлыг орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглосон байхад П.Г, А.Т нар нь дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг бусдад цааш нь худалдах зорилготойгоор худалдан авч, тээвэрлэж явсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийсэн боловч тэдгээрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарлалтын бүсийг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялын үндсэн үзэл санаа нь ял шийтгүүлсэн этгээдийг гэрт буюу байнга амьдрах газарт нь тусгаарлах хэлбэрээр хэрэгжиж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслалцаа үзүүлэх, гэмт хэрэг дахин үйлдэх зан үйлээс татгалзуулах, урьдчилан сэргийлэх, хохирогч бусад хүнийг хамгаалах зорилготой тул шүүгдэгч нарын оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлахаар өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байна
 
Эрх мэдлээ урвуулан ашиглаж ажилд авсан хүндээ ажил хийгээгүй байхад цалин, урамшуулал олгодог байжээ
Эрх мэдлээ урвуулан ашиглаж ажилд авсан хүндээ ажил хийгээгүй байхад цалин, урамшуулал олгодог байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.