Өчигдрөөс эхлэн цаг агаар сэрүүсэж ихэнх нутгаар бороо орж эхлээд байна. Цаг уурчид болон онцгой байдлын газраас үерийн эрсдэл, гамшигт үзэгдлээс болгоомжлохыг сэрэмжлүүлж буй. Өнөөдрийн байдлаар орон нутаг болон олон улсын шинж чанартай аяллын галт тэрэгний зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг "Улаанбаатар төмөр зам" ХНН мэдээлэв.
Мөн тус газраас энэ сарын 22-нд гарсан Ерөө-Орхон хоорондын төмөр замын гармын ослыг ажлын хэсгийнхэн тухайн өдрийн 22:30 цагийн орчимд засварлаж, замаас гарсан галт тэргийг хэвийн болгож хөдөлгөөн нээсэн тухай мэдээлэл өгөв. Харин дахин осол гараагүй болохыг тодотгосон.
Сануулахад, энэ сарын 22-ны өглөө 06:00 цагийн орчимд Ерөө-Орхон хоорондын төмөр замын гарам дээр том оврын ачааны машин улаан гэрлээр галт тэрэгний урдуур дайрч ноцтой осол гаргасан. Улмаар 31 вагонтой аялж явсан галт тэрэгний зургаан вагонтой зүтгүүр замаас гарч Сүхбаатар өртөөнөөс ирж очих галт тэрэгний хөдөлгөөн хаагдаж зорчигчдын тасалбарыг буцаагаад байв. Өнөөдрийн байдлаар осол гаргасан жолоочийг холбогдох хууль хүчний байгууллага шалгаж байгаа юм байна.