2024 оны 05 сарын 25-наас 2024 оны 05 сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 26, 27-нд ихэнх нутгаар хална.