3х3 сагсан бөмбөгийн Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотод болж өндөрлөлөө. Уг тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ багийн тоглогч А.Ананд Спортын бус алдаа гаргасны улмаас сүүлийн 2 тоглолтод оролцоогүй. Үүнээс үүдэж сагсан бөмбөг сонирхогчид А.Анандыг илт буруутгаж буй.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан С.Тулга өөрийн цахим хаягаараа дамжуулан "Ариунболдын Ананд гэдэг залууг минь тайван байлгахыг хүсэж байна. Алдаа гаргасан нь үнэн, амжилт, ялалт гаргаж энэ MGL3x3 гэдэг том брэнд болсон спортыг олон улс дэлхийд яригдах хэмжээнд авч ирсэн залуу юм.
Мэдээж MGL3x3 гэр бүл Монголын сагсанд хайртай дуртай бүх хүмүүсийгээ маш сайн ойлгож байна. Амьдрал баялаг алдаагаа засаад дахиад MGL3x3 Family олон улс дэлхийд томоор ирэх нь цаг хугацааны ажил юм. Ялж ялагдахад үргэлж хамтдаа байж, залуус болон шигшээ багийн хамт олонд урам дэм өгөөрэй. Бид Нэг Баг. Бид Нэг Монголчууд" гэжээ.