Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчиллын цэнхэр байр, хотоос тусгай хэрэгцээнд авах гэж байгаа С.Зориг агсны хөшөөтэй газар Да.Ганболдын өмч үү, НИЙТИЙН ӨМЧ ҮҮ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 31 секунд

Ардчиллын цэнхэр байр, алтан хараацай хоёрыг “ад үзсэн” дуулиан улс төрийн хүрээнд багагүй шуугиулав. Ингэхдээ жинхэнэ ардчилагчид гэж өөрсдийгөө тодорхойлсон Да.Ганболд тэргүүтэй “Шинэ дэвшилтэд холбоо”-ныхон үнэт зүйлээ үгүйсгэж, өнгөрсөн түүх рүүгээ нулимж байна гэж иргэд шүүмжилж байна.

Учир юу гэвэл, сарын өмнө хотын дарга Х.Нямбаатар “Зоригийн хөшөөний газрыг заржээ. Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна" хэмээн АН-ын цөс хөөрүү залуусын шарыг малтаж, ах нарыг нь “үр могой”-той хүртэл зүйрлэж дунд нь “яс” шидчихсэн. Нөгөөтээгүүр Да.Ганболдын 480 мянган ам.доллароор гар барьсан хүн нь Голомтын Д.Баясгалан гэлцдэг. Товчхондоо тэд АН-ын цэнхэр байрын газрыг наймаалцаж, 41 давхар цамхаг барих асуудал яригдаад удаж буй.

Нэг үгээр хотын даргын дээрх үйлдэл өөрийнх нь эртнээс дургүй явж ирсэн Голомтын Д.Баясгалан, намаараа ч зам нийлж таарахгүй Да.Ганболд, хотын засаглалд нь хортой нөлөөлж мэдэх Э.Бат-Үүл нарыг миксердсэн нь харин ч өөрт нь болоод намд нь ашигтай байх нь мэдээж.

Өгөөшийг нь МоАХ хамгийн түрүүнд үмхэж аваад, Да.Ганболдыгоо “хуяа” нарын тэргүүн гэж зарлаж сошиалд бүллидсэн. Эндээс АН доторх хэрүүлийн алим тарсан хэрэг.

Золоор гэх үү, золгүй тохиолдлоор ч гэх үү саяхан Да.Ганболд өөрөө ам нээж явган явсан хэрүүлээ мордуулчихсан. Тэрбээр “С.Зоригийн хөшөөтэй АН-ын байр түүхтэй ч эд биш. Байшинг буулгана. Шинийг барина. Би төр засгаас гуйхгүй шүү дээ” гэж хэнхэглэснээр гал дээр тос нэмсэн хэрэг болоод буй юм.

ТББ БОЛ НИЙТИЙН ӨМЧ БОЛОХООС ДА.ГАНБОЛДЫН ХУВИЙН ӨМЧ БИШ

Одоо тэгвэл АН-ын түүхт барилга газар дээрээ үлдэх үү, эс үлдэх үү гэдэг асуудлыг эргэцүүлж үзье.

Нэгт, 1990 оны Ардчилсан хувьсгалыг хийхэд голлон оролцсон гурван холбоонд тухайн үед улсаас байр гаргаж өгсөн гэдэг. Эдгээр нь МОАХ, Шинэ дэвшилтэт холбоо, Ардчилсан социалист холбоо аж. Угтаа “Шинэ дэвшилтэд холбоо” ТББ-ын нэр дээр олгосон байр нь С.Зориг агсны хөшөөтэй “цэнхэр” байр юм. Одоо ч тус байрны түрээсийг төлж үйл ажиллагаагаа явуулж байгааг намын нөхдүүд нь ярьдаг.

Хоёрт, С.Зориг агсны хөшөө байрлаж байгаа талбай бол нийслэлийн нийтийн өмчийн газар аж. Тэгэхээр олон нийтийн өмчийн эрхийн асуудал энд хөндөгдөхөөс аргагүй болж таарна. Нөгөө талдаа ТББ-ыг өөрийн эзэмшилдээ авсныгаа түүний нэр дээр бүртгэлтэй байр газрыг хувийн хөрөнгө шигээ санаж аархаж буй нь хууль зөрчиж буй үйлдэл гэдгийг ч учир мэдэх хүмүүс яриад эхлэв. Товчхондоо эзэмшлээс илүү өмчлөлийн үндсийг тогтоох нь үнэнд илүү ойртохоор. Эзэмшил нь Да.Ганболдынх бол өмчлөл нь нийтийнх гэж үзэж буй юм.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 99.2-т ”Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй” гэж заасан байна. Эндээс харвал дээрх байгууламж нь олон нийтийн өмчид хамаарна.

Хоёрт, эзэмшил нь Да.Ганболд гэх хувь хүний нэр дээр биш “Шинэ дэвшилтэд холбоо” ТББ-ын нэр дээр бүртгэлтэй. Тэгвэл Төрийн бус байгууллагын үндсэн агуулгыг энд хөндөх учиртай.

Төрийн бус байгууллага гэж хуульдаа иргэд, төрийн байгууллага / хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллага” гэж заажээ.

Энгийнээр, төрийн бус байгууллага нь хэсэг бүлэг хүмүүсийн хамтын оролцоо, эрхийг хангасан институт гэдгийг анхаарах нь чухал. Тиймээс “Шинэ дэвшилтэд холбоо” бол хамтын оролцооны нэгдлийг хангасан байгууллага бөгөөд хувь хүний эрх ашгийг хангах боломжгүй аж. Шууд утгаараа Да.Ганболдод нийтийн өмчийг худалдах эрх байхгүй бөгөөд хуулиа хөөвөл хоосон хоцрох ч магадлалтай.

Өөрөөр хэлбэл, хөшөө болон газартай холбоотой дуулиан нэг хэсэгтээ л хэрүүлийн сэдэв болох нь гарцаагүй боллоо.

Эцэст нь С.Зоригийн хөшөөтэй газрыг тусгай хэрэгцээнд авахаар хотоос судалж байгаа гэдэг мэдээллийг эх сурвалж бидэнд өгөөд буй юм.

Ерөнхийлөгчийн дүү Ухнаагийн Отгонбаяр ТВ-ээр “шалгалт“ өглөө
Ерөнхийлөгчийн дүү Ухнаагийн Отгонбаяр ТВ-ээр “шалгалт“ өглөө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.