Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Ганзориг: 30 кг жин хассаны дараа тоглохыг хүсээд ч чаддаггүй эсрэг дүрийн саналууд ирдэг болсон

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
11 минут 22 секунд

“МОНГОЛЫН МИСТЕР 2024” тэмцээний фитнесс ангилалд амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсан СТА жүжигчин Ц.Ганзоригийг UBN сайт онцолж байна.

Анх хоёр жилийн өмнө 99.3 кг жинтэй Ц.Ганзориг гэр бүлийнхээ хүний шахалт, шаардлагаар турах зорилго өвөртөлж фитнесс заалны хаалгаар алхаж байсан бол өнөөдрийг хүртэл 30 гаруй кг жин хасаж, “МОНГОЛЫН МИСТЕР 2024” тэмцээний дөрөвдүгээр байрын эзэн болж чаджээ.

Өдгөө 43 настай Ц.Ганзоригт 20 настнуудтай нэг тайзан дээр зогсож, фитнесс ангилалд өрсөлдөх амар байгаагүй ч өөрийгөө ялж, өнөөдрийг хүртэл хичээснийх нь үр дүн түүнийг ийнхүү шагнасан байна.

Насаараа урлаг, уран сайхан гэж явсан хүн 43 насандаа Монголын мистерт оролцоод байр эзэлнэ гэдэг амар биш. Хоёрхон жилийн хугацаанд 99-69 кг болж, 30 кг жин хассан гэхээр хэр их хөдөлмөрлөсөн нь харагдана.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Энэ насанд “МОНГОЛЫН МИСТЕР” тэмцээнд оролцох зориг гаргаж, амжилт үзүүлнэ гэдэг амаргүй байсан байх?

-Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд маш тэнэг бас зоригтой алхам хийсэн гэж бодож байгаа. Урлагийн тайз спортын тайз хоёр өөр байдаг юм байна. Маш гоё мэдрэмжийг авлаа.

-АНХ ЭХНЭР МААНЬ ЖИНГЭЭ ХАС ГЭЭД ЦҮНХТЭЙ ХУВЦСЫГ МИНЬ БЭЛДЭЖ ӨГӨӨД ХӨТЛӨӨД ОРУУЛЖ БАЙЛАА-

-Анх хэзээ, ямар зорилгоор фитнесс заалыг зорьж байв?

-Хоёр жилийн өмнө намайг фитнессийн зааланд хөтөлж оруулсан хүн бол манай эхнэр. Цүнхтэй хувцсыг минь бэлдэж өгөөд жингээ хас гэж оруулж байсан. Энэ амжилтыг гаргахад ард минь бат зогсож, намайг чин сэтгэлээсээ дэмжсэн гэргийдээ баярлалаа гэж хэлмээр байна.

Тухайн үед фитнесс рүү явахад бусдын л адил залхуурч, очихоосоо очихгүй нь их байсан. Очихоороо хүмүүсээс ичээд бэлтгэлээ ч олигтой хийж чаддаггүй байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хувийн дасгалжуулагчтай болох хэрэгтэйг ойлгосон. Тэр мөчөөс хойш би хэнээс ч ичиж, эмээхгүйгээр бэлтгэлээ чанартай хийж эхэлсэн. Ингэж л фитнесст дурлах эхлэл нь болж байв. Ер нь фитнесст явахаар шийдсэн бол ичих шаардлага байхгүй. Өөртөө зорилго тавиад тууштай байж илүүдэл өөхнөөсөө салах хэрэгтэй. Хүн эрүүл, чийрэг биетэй байхын гол үндэс нь дасгал хөдөлгөөн, зөв хооллолт л юм билээ.

-Тэмцээнд оролцох, тамирчин болох сэдэл, санаа хэзээ төрж байв. Юу нөлөөлөв?

-Жилийн өмнө багшаасаа тэмцээнд орох хэцүү юу. Заавал олон жил бэлтгэгдсэн тамирчид орох ёстой юу гэж асууж байлаа. Тэр үед багш "Орж болно. Гэхдээ чиний хувьд бол болоогүй" гэх товчхон хариултыг өгсөн. Тэмцээнд орж үзэхсэн гэж боддог, бэлтгэлээ хийдэг байсан. Цагаан сарын өмнөхөн багшдаа "Тэмцээнд оролцмоор байна" гэж дахин хэлсэн. Багш мэдээж шоконд орсон. "Ийм аймар хэвлий зузаантай, өөх ихтэй байж юу яриад байгаа юм" гэж байлаа. Энэ үгийг сонсоод шар гозойж "бэлдээд л үзье л даа" гэж хэлсэн. Хариуд нь "Тэгвэл чи цагаан сараар хүссэн бүх юмаа ид. Цагаан сарын дараагаас бэлтгэлээ эхэлье. Ажлаа зохицуул. Цаг зав багатай болно шүү" гэж хэлсэн. Гэтэл цагаан сарын дараа киноны ажил давхцаад бэлтгэл цалгардаад эхэлсэн. Мэдээж багш шүүмжилсэн. Тиймээс 2-4 сард ирэх кино, уран бүтээлийн бүх саналаасаа татгалзаад зөвхөн бэлтгэлдээ анхаарал хандуулж эхэлсэн. Үүрийн 04.00 цагт Зайсан толгой руу алхаж, өдөр бүр 3-4 цаг тогтмол бэлтгэлээ хийсэн. Хагас өлсгөлөнгийн байдалд шилжиж 120 хоногт 16 кг жин хасах амар байгаагүй ч шантраагүй. Энэ бүхний үр дүнд өнөөдрийн энэ амжилтыг бүтээж чадлаа. Миний хувьд маш том туршлага. Их зориг байлаа.

-"Ц.ГАНЗОРИГ ОО ЧИ ЧАДЧИХСАН ЮМ УУ. ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ ЧИ ЯМАР БАЙЛАА" ГЭЖ БОДОГДООД ӨӨРИЙН ЭРХГҮЙ ХООЛОЙ ЗАНГИРЧ БАЙСАН-

-Тайзан дээр үзүүлбэрээ үзүүлж байхад танд юу бодогдов?

-Тайзан дээр зогсож байхдаа нэг л юм бодсон. "Ц.Ганзориг оо чи чадчихсан юм уу. Хоёр жилийн өмнө чи ямар байлаа" гэж бодогдоод өөрийн эрхгүй хоолой зангирч байсан. Спортын тайзнаас тийм гоё мэдрэмж авна гэдэг эр хүний хувьд бас нэг том бахархал байсан гэдгийг онцолж хэлмээр байна.

-Анх фитнесс зааланд очихдоо хэдэн кг жинтэй байв. Нийт хэчнээн кг жин хассан бэ?

-Нийт 30 кг жин хасаж 69 кг боллоо. Анх 99.3 кг жинтэй байлаа.

-Таны энэ үр дүн, гаргасан амжилтад танаас илүү баярлаж байгаа хүн нь гэргий тань болов уу. Яаж хүлээж авсан бол?

-Мэдээж. Маш их баярласан. Хүн их сонин юм байна билээ. Тайзан дээр гаргаагүй тэр эмоцио гэртээ ороод эхнэрээ хараад гаргадаг юм байна лээ. Өөрийн эрхгүй хоолой зангираад, нулимс цийлгэнэсэн. Тэгэхэд манай эхнэр "Зүгээр ээ миний хань дөрөвдүгээр байр гэдэг чинь том амжилт" гэж хэлсэн. Гэтэл би тэр үед эхнэртээ баярлаад нулимс гаргасан. Эхнэртээ хэлсэн чинь эхнэр баярлаад манай гэрээр дүүрэн баяр хөөр болсон.

-БАГШ НАДАД "ЯМАР БАЙСНАА, ЯАЖ ӨӨРЧЛӨГДСӨНӨӨ ХАРУУЛЖ БАЙГАА ЧИНЬ Л ЧИНИЙ ХУВЬД АМЖИЛТ ШҮҮ" ГЭЖ ХЭЛСЭН-

-Тэмцээнд оролцох шийдвэр гаргаад бүртгүүлж байхдаа өнөөдрийн энэ амжилтыг төсөөлж байв уу?

-Үгүй. Ороод л үзье гэж бодсон. Техникийн зөвлөгөөн дээрээ очоод мэргэжлийн тамирчдыг хараад сүрдсэн. Зүрх дэлсээд л "Би юу хийчхэв ээ" гэж бодогддог юм байна билээ. Гэхдээ тамирчин хүний сэтгэл зүйг багш нь маш сайн бэлддэг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Манай багш надад "Хүн байр шагналыг боддоггүй биш боддог. Чи бас бодож л байгаа байх. Гэхдээ үгүй шүү. Энэ тайзан дээр хэр баргийн хүн өөрчлөлтөө өгөөд гарч чаддаггүй юм. Энэ насанд ингэж хичээгээд, ийм том зориг гаргаад оролцож байгаа чинь чиний хувьд шагнал. Ямар байснаа, яаж өөрчлөгдсөнөө харуулж байгаа чинь л чиний хувьд амжилт шүү" гэж хэлсэн. Тэр ч утгаараа энэ амжилтыг төсөөлөөч үгүй байсан.

-Цаашдын зорилгоо та яаж харж байна?

-Энэ амжилтаа илүү ахиулахыг хүсэж байна. Хамгийн гоё зүйл нь өнгөрсөн гурван хоногт би маш гоё мэдрэмжийг авлаа. Яг агаар дээр байгаа юм шиг тийм гайхалтай гурван хоног өнгөрлөө. Монголчууд спортод их хайртай юм байна. Гудамжаар алхахад яг л ялсан баатар шиг л байгаа. Хүн болгон баяр хүргэж, амжилт хүсээд мундаг байлаа гэж хэлж байна. Ингэх тусам урам авч, ирэх жил дахиад батлах ёстой юм байна. Илүү их хичээх хэрэгтэй гэдэг алс холын бодол тээгээд явж байна.

-Өнөөдрийн Ц.Ганзоригийг 99 кг жинтэй дасгал, хөдөлгөөн гэж огт мэддэггүй байсан үеийн Ц.Ганзоригтой харьцуулахад ямар өөрчлөлт гарсан бэ. Хувь хүн, сэтгэл зүй, тэвчээр хатуужил, амьдралын хэвшлээс эхлээд маш их өөрчлөлт гарсан болов уу?

-Сэтгэл зүйн том тэвчээрийг л олж авлаа. Урлагийнхныг уяхан сэтгэлтэй гэдэг. Тэр ч утгаараа маш хурдан шантардаг, шархалдаг, гунигладаг байсан. Энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш хандлага маш их өөрчлөгдсөн. Илүү их сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй, хаттай болсон. 99 кг жинтэй Ц.Ганзориг бол амьдралын идэвх султай зав гарвал унтаад завсар гарвал идээд л хэвтэж байдаг байсан. Одоо бол эрс өөрчлөгдсөн. Юу хийх үү. Яах уу гэсэн эрч хүчтэй, хурдтай нэгэн болж хувирсан.

-Залуу насандаа буцаад оччихсон юм шиг л байна уу?

-Яг тийм. Буцаад 20 насандаа оччихсон юм шиг мэдрэмж төрж байна.

-МИНИЙ ТОГЛОХЫГ ХҮСЭЭД Ч ТОГЛОЖ ЧАДДАГГҮЙ БАЙСАН ЭСРЭГ ДҮРИЙН САНАЛУУД ИХ ИРДЭГ БОЛСОН-

-Уран бүтээлч хүнтэй уулзсан учраас уран бүтээлийн сонин сайхныг асуухгүй өнгөрч болохгүй байх. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр төвлөрч байна. Сонин сайхнаасаа хуваалцаач?

-Нэгдүгээрт, тэмцээнд орох зорилго байсан. Хоёрдугаарт, би жүжигчин хүнийхээ хувьд өөрийнхөө өнгө төрхийг өөрчлөхийг хүссэн. Өмнө дандаа л бондгор Ц.Ганзориг байсан. Тэр ч утгаараа ихэвчлэн инээдмийн дүр ирдэг байлаа. Бас тарган жүжигчинд дарга, олигархуудын дүр оногддог. Гэтэл миний тоглохыг хүсдэг дүр нь эсрэг дүр байсан. Гэвч тийм дүрийн санал надад бараг ирдэггүй. Тиймээс сүүлийн үед ирсэн дүрийн саналуудаас ихэвчлэн татгалзаж, өөрийгөө өөрчлөхийг хичээсэн. Өнөөдөр миний энэ зорилго биелсэн байна. Бэлтгэлийн явцад стори, пост хийгээд явж байхад миний хүсэж байсан киноны саналууд маш их ирсэн. Эсрэг дүрүүд гэсэн үг. Өчигдрөөс эхлээд 2, 3 киноны зохиол яригдаж байна.

Ногоон автобусны асуудлаарх Түр хороо хаалттай хуралдана
Ногоон автобусны асуудлаарх Түр хороо хаалттай хуралдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.