УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр /2024.05.06/ Улсын Ерөнхий прокурорын газарт хандлаа. Тэрбээр Банкны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ёстой Монголбанк үндсэн чиг үүргийн хүрээнд ажлаа хийхгүй байгаа асуудлыг шалгуулж буй аж.
Тэрбээр хэлэхдээ "Монголбанкны одоогийн удирдлагууд Банкны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ асуудлыг ярьж, удирдлагыг нь сольж, хуулийг хэрэгжүүлэх нь хүнийг томилох хэрэгтэй. Хоёрдугаарт, банкны тухай хуульд 2026 оны арванхоёрдугаар сарын 31 гэдэг ганцхан огноог тавьчихсан байгаа юм. Улмаар бид тэр өдөр мөн л хэвлэлийн хурал хийгээд зогсож байх болчихоод байна.
2021 оны нэгдүгээр сард Банкны тухай хууль батлагдсан. Үүнээс хойш арилжааны банкууд IPO гаргаснаас өөр ажил хийгдсэнгүй. Уг нь хуулийг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлж зөвлөгөө өгдөг, шахаж шаарддаг байж хууль хэрэгжинэ шүү дээ. Хууль хугацаандаа хэрэгжиж амжихгүй бол хуулийн хугацаанд сунгах асуудлыг ярих ёстой. Өөрөөр хэлбэл, 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Байнгын хороогоор хуульд ямар өөрчлөлт оруулах асуудлаар санал оруулж, үүний дагуу өөрчлөлт оруулах ёстой байсан гэж харж байгаа" гэлээ.