Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаар Шударга сонгууль сонгуулийн луйвар, зөрчлөөс сэргийлэх ажлын хэсэг мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа "Энэ жилийн сонгууль ямар нөхцөл байдалтай байна гэхээр 70 мянга орчим сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. Энэ бол багагүй тоо бөгөөд өмнөх оны мөн үеүдтэй харьцуулахад 2023 онд 60,000, 2022 онд 50 мянга 2021 онд 50 мянга орчим мянган хүн шилжсэн байна. Харин энэ сонгуулийн жилд 20 мянган иргэн илүү шилжилт байна. Энэ бол бидний яриад байгаа царцааны нүүдэл юм.
Төрийн байгуулалтын хороон дээр энэ асуудлаар дэд хороо байгуулагдсан дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ажиллаж байна. Тус дэд хороогоор дамжуулан шилжилт хөдөлгөөнийг аймаг, сум, нийслэл, хороо дүүргээр нь нарийвчилсан мэдээлэл авъя гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Энэхүү мэдээллийг үнэн зөвөөр нь авч чадвал хаанаас хаашаа царцаа нүүгээд байна вэ гэдэг нь тодорхой болно.
Ганц Ардчилсан нам дангаараа зүтгээд хүчин мөхөстөж байна. Үүн дээр зөвхөн улс төрийн намууд төдийгүй ТББ-ууд хамтарч ажиллах хэрэгтэй. Бид энэ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зарлах гэж байгаа бөгөөд хэлэлцүүлгийг ирэх Даваа гарагт 14:00-17:00 цаг Пума Империал зочид буудалд хийхээр төлөвлөөд байна.
Ардчилсан нам ирэх 6-р сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг шударгаар явуулах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан ба эрх баригчдын ужгирсан системтэй тогтолцоотой тэмцэхэд улс төрийн намууд болон иргэний нийгмийн хамтын ажиллагаа шаардлагатай байгааг онцолж байна. Иймд сонгууль бүрээр гардаг эрх баригчдын булхай, луйвар, хууль бус үйлдлүүдийг хэрхэн арилгах, багасгах хамтын ажиллагааны талаар санал солилцон шийдэл гаргахаар нээлтэй хэлэлцүүлэгт урьж байна" гэлээ.