“Бэлтэс мөрөн” ХХК нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас залилах, мөнгө угаах хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр /2024.05.01/ Хөвсгөл аймгийн Спортын ордонд болсон.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч Н.Болормаа, С.Оюунцэцэг, Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Манлай, Ю.Тогмид, Ө.Золбоо, Э.Мягмардорж, С.Батнасан нарын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүсэлтийг хангаж, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Пүрэвсүрэн, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.
Шүүгдэгч С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдэлгэр, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.