Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг:
-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн үүрэг хариуцлага, тэд юу хийх ёстой, хаанаас томилогдсон ажлаа хэрхэн тайлагнах ёстой гэдэг нь завхарсан. Анх Үндэсний зөвлөлийн гишүүд томилогдох үед тий байгаагүй, маш хариуцлагатай байсан. Сүүлийнх нь ерөнхий захирлаа унагаах, эсэл захирлынхаа талд орох, хувийн ашиг сонирхол нь дэндчихээд байгаа. Үндэсний зөвлөл, хяналтын зөвлөлүүд нь МҮОНРТ-ийн хуулийн дагуу ажилладаггүй.
Бие, биедээ гомдсон, огцруулах, эргүүлж татах гарын үсэг зурсан цаас хэд, хэд байна.
Тэгэхээр бид МҮОНРТ-ийн хуульд өөрчлөлт оруулаад Үндэсний зөвлөлийн гишүүдийн тоог цөөлөх зайлшгүй шаардлагатай. Эргүүлэн татах хуулийн заалтыг оруулах ёстой. Засаглал болон санхүүгийн хямралд оруулахгүй байхыг хянах үүрэгтэй байгууллагууд байхад хэрэгжүүлэхгүй байна. Тэгсэн хэрнээ бид эргүүлэн татаж чаддаггүй.
Улсын төсөвт санхүүжилтийг нь суулгадаг хэрнээ энэ телевиз Сангийн сайдын багц руу ордог. Тэд нар Сангийн сайд дээр очоод яамны салбар байгууллага шиг санхүүжилтээ нэхдэг. Төсөв нь заримдаа их, заримдаа бага байдаг. Ийм хачин зүйл рүү орчихсон.
2005 онд Д.Сарангэрэл, Г.Билэгт дарга болон намайг ажиллаж байх үед МҮОНРТ-ийн хураамжийг 1 ам.доллартой тэнцүүлж баталсан хураамж өнөөдөр хүртэл огт өөрчлөгдөөгүй явж байгаа. Үүнийг шинээр тогтоох шаардлагатай. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал мэргэжлийн нээлттэй сонсголоор шударгаар томилогддоггүй. Улс төр, бүлэглэлийн шалтгаантай томилогддог. Эргээд ажиллаж, хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй. Янз, янзын алдаа зөрчил гаргаад байдаг. Тиймээс зарим зүйлийг МҮОНРТ-ийн хуулиар өөрчлөх шаардлага үүссэн.