Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэндчилгээ: Ерөнхийлөгч шүүмжилж, Ерөнхий сайд попров. Боловсролын сайд юу ч ярьсангүй.

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 42 секунд

Өнөөдөр 9 сарын 1, ерөөсөө бидний хүсэн хүлээсэн өдөр дөө.

Жил орчим хугацаанд гэртээ “зэрлэгших” шахсан сурагчид баяр хөөртэйгөөр сургуульдаа ирэв. Гэвч монголд алдаагүй цар тахлын улмаас хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд явуулахгүй байх, зарим өдөр сургаад зарим өдөр өнжих хэцүүхэн шийдвэртэй нүүр тулсан эцэг эхчүүдийн хувьд тун дарамттай эхлэл билээ.

Цар тахлын үед боловсролын салбарт эргэж буцсан, байгаа оноогүй, цаг тулгасан шийдвэрүүдийн талаар бодлого тодорхойлогчид ямар байр суурьтай байгааг сонирхохоор хэвлэл сөхлөө.

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нар 9 сарын 1-ний өдөр сурагч, оюутан, багш нарт хандан мэндчилгээ дэвшүүлсэн байна. Гэвч олонд дайсан тэдний үг газар тэнгэрийн ялгаатайгаас гадна, салбарын сайд цар тахлын үеийн сургалтын талаар санаа зовниж байна уу гэж эргэлзэхэд хүргэв.

 


Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ цахим сургалтын үр дүн болон ирээдүйн бэлэн бус байдалд санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Тэрээр “Миний хувьд оны эхнээс бүх нийтээр хэрэгжүүлж эхэлсэн цахим сургалтын чанар, үр дүн, өгөөж ямар байгааг хэлэхэд бэрх. Бас айдас хүйдэс бий болгосон коронавируст халдварын цар тахал дэлхий нийтээр ямар хугацаанд үргэлжлэхийг хэн ч хэлж чадахгүй байна. Гагцхүү үүнээс болж суралцагчдын танхимын сургалтын үргэлжлэх цаг хугацаа, хөтөлбөр агуулга хязгаарлагдаж, хүүхэд, залуучуудын сурч боловсрох асар их боломж алдагдаж байна гэдгийг л мэдэрч, санаа зовж байна.

Манайд цахим хичээлийг бэлтгэх, боловсруулах, хөгжүүлэх, үнэлэх, харилцан хүлээн зөвшөөрөх нэгдсэн стандарт, аргачлал байна уу? Сургуулиудад цахим сургалтын нэгдсэн платформ, анги, танхим, лаборатори, студи, тоног төхөөрөмж, программ хангамж хангалттай байна уу?  Суралцагчдын алдагдсан боломжийг хэрхэн яаж нөхөх вэ? Цахим сургалтын хүртээмж, боломж муутай байгааг юугаар орлуулах вэ? Бүгд асуултын тэмдэгтэй байна." гэв. 

Х.Баттулга боловсролын салбарын шийдвэр оновчгүй хийгээд үүрэг хариуцлага сул байгааг ингэж шүүмжлэв.

“Бэлэн биш байдлын үр дагаврыг зөвхөн багш нар үүрч, хүүхэд залуучууд хохирч үлдэхэд хүрч байгаа нь үнэн. Тэр ч бүү хэл хорионд орсон хүүхдүүд утас, дэлгэцээс салахаа байж, эцэстээ сэтгэцийн эмгэгтэй болж эрүүл мэндээрээ хохироход хүрч байгааг анзаарахгүй өнгөрч огт болохгүй. Тэгэхээр төр засаг төдийгүй мэдлэгийн өглөгч багш нар, мэдлэгт тэмүүлсэн хүүхэд багачууд, оюутан залуус, аав ээжүүд бид нэгийг бодох цаг болж.

Боловсрол бол тэгш бус байдлыг гааруулах бус арилгах гол хэрэгсэл байх учиртай. Гэтэл Монголын боловсролын тогтолцоо, сургалтын агуулга, хэвшил нь тэгш бус байдал, ялгааг дэвэргэх чиглэл рүү хэлбийж байна. Энэ нь “Уламжлалт зан заншил, түүх, соёлын онцлогийг шингээсэн ерөнхий боловсролыг иргэн бүр заавал эзэмших” гэсэн төрийн бодлогыг сөрж, гаднын өртөг өндөр, монгол уламжлалаас ангид агуулгыг монголын ерөнхий боловсролын үндэсний цөм хөтөлбөрт тулгах гэсэн оролдлоготой салшгүй холбоотой. Тиймээс монгол төрийн бодлогод “боловсролын талаар шийдвэр гаргах үйл явц нь нээлттэй, ил тод, судалгаа, нотолгоонд суурилсан, сайн засаглалын зарчимд нийцсэн байх” зарчмыг тунхагласан гэдгийг төрийн түшээдээсээ эхлээд хүн бүхэн санаж явах учиртай гэдгийг миний бие өнөөдөр дахин сануулж байна” гэжээ.



Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хариуцлагатай хичээлийн шинэ жил эхэлж буйг онцолсон мэндчилгээ тун хариуцлагагүй болжээ. Тодруулбал, суралцагчид, эцэг эх, багш нарыг хариуцлагатай байхыг мэндчилгээндээ уриалсан ч боловсролын бодлогыг тодорхойлогчид, тус салбарт ажиллаж буй албан хаагчдад энэ талаар сануулсангүй.

"Цар тахлын улмаас улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн хувьд амаргүй нөхцөлд байгаа хэдий ч Засгийн газраас улс орны тэргүүлэх салбар, ирээдүйн хөгжлийн үндэс суурь болсон боловсролын салбарын төсөв, санхүүжилтийг бууруулахгүй байх зарчмыг хатуу баримтлана" хэмээсэн цахим сургалтаас хэмнэх төсөв санхүүг хэрхэн оновчтой хуваарилж буй нь тодорхойгүй байна. 

Түүний дэвшүүлсэн мэндчилгээ олон нийтэд таалагдах магадлалтай хэд хэдэн ажлыг дурдсанаас биш салбарын суурь асуудал хийгээд цар тахлын үед засгийн газар боловсролын салбарт хэрхэн хариуцлагатай ажиллах талаар ямар ч нэгдсэн бодлого, зарчмыг дурдсангүй. Тухайлбал, энэ онд багтаж 31 сургууль, 41 цэцэрлэг ашиглалтад орох тухай бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөв. Гэвч цэцэрлэгт явж чадахгүй гэртээ үлдсэн хоёр настнууд, хэзээ гэдэг нь тодорхойгүй хүүхэд харах үйлчилгээ, цахим сургалтын чанар, хүртээмжийн талаар огт өгүүлсэнгүй.

Ерөнхий сайд мэндчилгээндээ “Дэлхийд өрсөлдөх монгол хүнийг бэлдэхэд анхаарлаа хандуулна” хэмээн бичсэн ч хэрхэн, яаж гэдэг талаар үг цухуйлгасангүй. Анхаарлаа хандуулна гэснээс биш төлөвлөж байна гээгүйг та анзаарч байгаа биз.

Судалгааны их сургуулийг хөгжүүлэх хийгээд, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг бол олон жилийн өмнөөс боловсролын салбарт яригдаж, эхлэл нь аль хэдийн тавигдсан ажлууд юм.

“Өнөөгийн нөхцөл байдалд улс оронд нэн хэрэгцээтэй” гэж тодотгоод сувилагч мэргэжлээр суралцагсдад 70-100 хувийн тэтгэлэг олгох тухай мэдээлэв. Гэвч МСҮТ, мэргэжлийн боловсролыг хэрхэн дэмжих тухай байсангүй.

У.Хүрэлсүх мэндчилгээндээ багш нарын хөгжил болон нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор “Чадварлаг багш” хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн ч багш нарын цалинг нэмнэ гэдгийг л онцлов. Өөрөөр хэлбэл багш нарын цахим сургалтын талаарх үнэлгээ, цахимаар ажиллах ур чадварын талаар ч ярьсангүй.

Том суурь асуудал, бодлого, төлөвлөгөө нь тодорхойгүй байхад жижиг жижиг ажлуудыг мэндчилгээндээ онцолсон нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг поп болгон харагдуулав.



Хамгийн сэтгэл дундуур мэндчилгээ Боловрол, шинжлэх ухааны шинэ сайд Л.Цэдэвсүрэнгийнх. Тэрээр “2020-2021 оны хичээлийн жилд суралцагчийн сурах, хөгжих, төлөвших, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлж, багш, ажилтнаа дэмжих, эцэг, эхтэй илүү сайн хамтран ажиллах зорилт дэвшүүлж байна” хэмээн мэндчилгээгээ эхлүүлсэн нь тун ерөнхий.

Салбарын сайдын мэндчилгээнд энэ жилийн гол асуудал болоод буй цар тахал, коронагийн талаар нэг үг ч туссангүй.

Бодлогын хэмжээнд мэдээлсэн асуудал нь зөвхөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн боловсролын салбарын тэргүүлэх зорилтын талаар ерөнхийлөн өгүүлсэн байв.  

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Дэлхий даяар мэдээлэл харилцаа, холбооны технологийн хөгжил иргэдийн өдөр тутмын хэрэглээнд хурдацтайгаар нэвтэрч, XXI зууны хүмүүсийн суралцах, ажиллах уламжлалт арга, хэлбэр, тогтсон хэв маягийг хүчтэй өөрчилж, зөвхөн танхимаар боловсрол олж авах хэвшмэл ойлголт, хандлага, арга хэлбэрийг өөрчилж байна. Иймд боловсролын сургалт, судалгаа, үйл ажиллагаанд цахим технологийн нэвтрүүлэлтийг шинэ түвшинд гарган, тасралтгүй хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ” хэмээжээ.

Бидэнд техник технологийн хөгжил дэвшлийн зуунд суралцах арга барил биш цар тахлын үед баримтлах судалгаанд үндэслэсэн, ард иргэдээ бодсон шийдвэр хэрэгтэй байна.

Боловсролын салбарын бодлого дампуурсныг дээрх эрхмүүдийн мэндчилгээ тод харуулна!!!

Г.Мандахбилэгт

 

 

Сурагчид бүх музейг үнэгүй үзэх боломжтой боллоо
Сурагчид бүх музейг үнэгүй үзэх боломжтой боллоо
 
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.