Өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гарагт /2024.03.30/ Тагнуулын Ерөнхий газраас гурван Монгол иргэн, гадаадын нэг иргэнийг баривчилсан байдаг. Баривчлагдаад буй гурван монгол иргэний нэг нь өнгөрөгч онд хүчингийн хэрэгт холбогдоод байсан хамба лам З.Санждорж байжээ.
Албаны эх сурвалжаас эл мэдээллийг тодруулахад "Баривчлагдсан дөрвөн хүний нэг нь лам З.Санждорж гэх мэдээлэл үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Түүний хувьд өнгөрсөн 2023 оны гуравдугаар сарын 10-нд "Та бид Богдоо танихгүй, будилж яваа юм биш биз" гэх утгатай мэдээлэл хийж байв.
Тухайн иргэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-т заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэх зүйл ангиар шалгаж буй юм.
Харин баривчлагдсан гадаадын иргэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.10.1-т зааснаар "Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан зүйл ангиар шалгагдаж байгаа аж.