Өнгөрөгч онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлах үед "Google" компанийн зүгээс Монголын залууст өргөн цар хүрээний боломжийг нээх үүднээс кибер аюулгүй байдал, дата аналитикс, төслийн менежмент, цахим худалдаа, маркетинг, IT инженерийн чиглэлээр “Google Career Certificate” хөтөлбөрт 1000 залуусыг хамруулах дэмжлэгийг үзүүлнэ хэмээн мэдэгдсэн. Тэгвэл эл "амлалт" хэрэгжихэд бэлэн болжээ. Тодруулбал, энэ сарын 18-нд эхний ээлжийн 350 залуусыг шалгаруулах “Grow with Google” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаад байна. Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус төслийн санаачлагч Б.Тэмүүлэнгээс тодрууллаа.
-Юуны өмнө “Grow with Google” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт энэ сарын 18-наас эхэлсэн юм байна?
-Google компани Монголд Улсад албан ёсны үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд монгол дахь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор "Grow with Google" хөтөлбөрийг Монголд нэвтрүүлж байгаа. Үүнд Google компанийн өөрсдийнх нь тэтгэлэг болон Монгол Улсын Засгийн газар, ЦХХХЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд мөн дэмжлэгтэйгээр нийт 1000 орчим боловсон хүчнийг мэдээллийн технологийн хамгийн эрэлттэй зургаан ур чадвараар бэлтгэх гэж байна. Үүний хүрээнд энэ долоо хоногт тав хоногийн турш эхний 350 залуус болон мэдээллийн технологийн салбарт хүчээ сорих сонирхолтой магадгүй өөр мэргэжлийн суурьтай ч гэсэн мэдээллийн технологийн ур чадварыг эзэмшиж мэдлэгийн үнэ цэнээ нэмэгдүүлэх хүсэлтэй хүмүүст нээлттэй сонгон шалгаруулалт явагдаж байна.
-Хөтөлбөр хэр хугацаанд үргэлжлэх вэ. Ямар мэргэжлийн хүмүүс оролцох боломжтой талаар болон хөтөлбөрийн сургалтууд ямар ямар чиглэлээр явагдах талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хөтөлбөрийн хүрээнд зургаан мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн "Google Career" сертификатыг эзэмшүүлэхээр зорьж ажиллана. Энэ нь дэлхий нийтээр 2.4 сая ажлын байранд хүлээн зөвшөөрөгддөг жинтэй сертификат байгаа. Мөн дэлхий дээр 600 орчим мянган хүн дэлхий даяар энэхүү сертификатыг эзэмшиж ажил мэргэжлээ амжилттай ахиулсан туршлага байдаг. Эзэмшүүлэх зургаан чиглэлийн тухайд задалж хэлвэл, мэдээлэл технологийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа дата аналитик, мэдээллийн технологи, UX дизайн, төслийн удирдлага, цахим аюулгүй байдал болон дижитал маркетинг буюу цахим маркетинг, худалдааны чиглэлээр мэргэжилтнүүдийг бэлтгэх гэж байна. Энэхүү хөтөлбөр 3-5 орчим сарын хугацаанд үргэлжилнэ. Цахим, танхим хосолсон хэлбэрээр явагдана. Google компанийн өөрийн дотоодын хүний нөөцийг бэлтгэдэг хөтөлбөрийн агуулга болон аргачлалаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Цахим хөтөлбөр нь Google компанийн цахим орчинд контентжуулсан хөтөлбөрөөр явна. Ийм хэмжээний мэргэжлийн түвшний сургалт явагдах тул англи хэлний тодорхой түвшинтэй байхыг шаарддаг. Энэ дээр илүү хүртээмжтэй байдлаа бодоод монгол талаас сургагч багш нарыг бэлдээд энэхүү цахимаар байршсан байгаа агуулгыг монголын нөхцөлд буулгаж бэлдэх гэж үзэж байна.
-Google сертификатыг авснаар тухайн хүнд ямар үр өгөөжтэй вэ. Бий боломж боломжийн талаар дурдвал?
-Яг одоо бид гурван сарын хугацаанд өмнө дурдсанчлан зургаан чиглэлийн суурь мэдлэгийг эзэмшүүлж өгнө. Үүнээс цааш тухайн мэргэжлийн суурийг эзэмшсэн хүн маань advanced түвшин рүү хүсвэл хөгжүүлж болно. Түүний дараагаар хэд хэдэн мэргэжлийн чиглэлээр өөрийгөө бэлтгэж болно. Тухайлбал, төслийн менежмент гээд аваад үзэхэд суурь мэдлэгээ авчхаад advanced түвшинд өөрийгөө бэлтгэж аваад цаашаа барилгын салбарын комплекс төслүүд дээр бэлтгэгдэнэ. Эсвэл ногоон эдийн засаг руу төслийн менежмент рүү өөрийгөө бэлтгэж төгсөх боломжууд бий болно. Мөн өмнө дурдсанчлан ямар ч мэргэжлийн суурьтай байж болно.
-Сургалт танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдана гэлээ. Хөтөлбөрийн удирдамжаас харахад, онол арга зүйн мэдлэгээс гадна хоёр сарын турш практик дээр буюу энэ чиглэлийн ААН компаниудад дадлага хийнэ гэсэн байсан. Ер нь чадварлаг боловсон хүчнийг эрэлхийлж байгаа энэ салбарын компаниуд энэ ажилд хэр нааштай хандаж байна вэ?
-Дэлхий даяар Grow with Google хөтөлбөр амжилттай хэрэгжихэд нөлөөлдөг том хүчин зүйлсийн нэг нь ажлын байрны эрэлттэй ур чадварыг практик дээр эзэмшүүлж өгдгөөрөө онцлогтой. Үүнийг Google компани хийхдээ маш олон ажил олгогч нартай хамтарч ажилладаг. Монголын зах зээлийн хувьд ч монголд нэвтрүүлж байгаа энэхүү Grow with Google хөтөлбөрийн хувьд ч маш олон ААН компаниудаас ажлын байрны эрэлтүүдийн тодорхойлж авсан. Мөн хамтын ажиллагаануудыг бий болгосон байгаа. Энэ дотор монголын томоохон бизнесийн нэгдэл, холбоо болон технологийн компаниудаас гадна уламжлалт бизнес эрхлэгчээс цахим шилжилт хийж байгаа байгууллагуудын эрэлтийг тодорхойлж аваад хүний нөөцийг нийлүүлэх чиглэлээр эрэлт нийлүүлэлтийг хангаж ажиллаж байна.
-Хөтөлбөрт оролцогчдод ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Хөтөлбөрт оролцогч нарт тэргүүн эгнээнд тавьж байгаа шаардлага бол тууштай байдал. Энэ мэргэжлийг эзэмшье гэсэн зорилгыг нэгдүгээрт тавьж байгаа залуус байх хэрэгтэй. Бид хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор нийгмийн өөр өөр бүлгийн, өөр өөр мэргэжлийн хүмүүсийг нэг хамт олон болгохоор бүрдүүлж ажиллаж байна. Ямар ч мэргэжлийн хүн байж болно. Англи хэлний тодорхой түвшинг шаардаж байгаа. Мэдээж мэргэжлийн түвшний биш. Гэхдээ та өмнө IELTS, TOFEL зэрэг шалгалт өгч байсан бол босго оноо тавихгүйгээр харгалзан үзнэ. Сонгон шалгаруулалт анкет дотор бидний зүгээс та энэ хөтөлбөрөөс өөртөө ямар үнэ цэн бий болгохыг хүсэж байна, юуг зорьж байна гэдэг талаас нь асуумжууд бий. Тэгэхээр технологийг ашиглаж, ажилдаа болон амьдралдаа үнэ цэнийг бий болгох хүсэлтэй залуусыг бид эрж хайж байна.
-Оролцогчдын бүртгэл эхэлсэн байгаа. Ер нь өнөөдрийн байдлаар залуус хэр сонирхож хүсэлтээ явуулсан байна вэ?
-Маш их анкетууд ирж байна. Энэ долоо хоногийн Даваа гарагт хөтөлбөрийн бүртгэл эхэлсэн. Баасан гарагт буюу гуравдугаар сарын 22-ны 23.59 минутад өргөдөл авах хугацаа дуусна. Тэгэхээр сонирхож буй залуусыг амжиж бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. Анкетад тийм их хэцүү зүйл байхгүй. Өмнө хэлсэнчлэн гол асуултаад байгаа. Түүндээ сайн хариулаарай гэж зөвлөе. Мөн хүртээмж тал дээр ярилгүй өнгөрөөсөн зүйл байна. Тодруулбал, бид энэхүү хөтөлбөртөө заавал залуучууд гэхгүй байгаа. Ажлын байраа, мэргэжлийн чиглэлээ өөрчлөхийг хүсэж байгаа, төгсөх курсийн оюутан залуус болон ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс цөөн тооны элсэгчдийг материалаа ирүүлээрэй гэж уриалж байгаа. Мөн Google гэлтгүй олон улсын томоохон компаниудын баримталдаг зүйл бол магадгүй амьдралдаа алдаа гаргасан, хоёр дахь боломжийг хайж яваа залуус байвал бидэнтэй нэгдээрэй гэж уриалж байна.
Хөтөлбөрийн удирдамж- https://drive.google.com/file/d/1agwukskaids5IpFktMS7N4U2noXWpEke/view
Хөтөлбөрт бүртгүүлэх- https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScZzSm5WO0uE12sDrb1mhvSNz3upJU2KQPloR8IaLymsv1NXg/viewform