Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛЫН МИСТЕР Т.Батнасан: Би үндэсний бөхөөр дахиж барилдахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 59 секунд

Алтан цомын “Холимог оддын барилдаан”-д зодоглож, уран барилдаанаараа үзэгч олныг баясгасан Монголын хамгийн анхны классик бодибилдингийн про тамирчин, Монголын мистер, сумын заан Т.Батнасантай ярилцлаа.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-2021 оны Монголын мистер Т.Батнасан байна. Сүүлийн өдрүүдэд бол сумын заан Т.Батнасан болчих шиг боллоо. /ИНЭЭВ/

-Бодибилдингийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Би бодибилдингийн спортоор 2008 оноос хойш тууштай хичээллэж байгаа. Өмнө нь би бөхийн спортоор хичээллэдэг байсан. Хүүхэд байхаасаа бөхийн спортыг сонирхож, чөлөөт, үндэсний бөхийн “Шонхор” биеийн тамирын сургуулийг 2011 онд төгссөн. Тэр үед бөхчүүд, ялангуяа Д.Сумъяабазар аварга их гоё биетэй, сайн барилддаг харагдаад, би фэн нь байсан юм. Ерөнхийдөө, гоё биетэй бөх болно гэсэн бодолтой анх биендээ анхаарч, бодибилдингээр хичээллэж эхэлсэн. Бодибилдингээр хичээллэх явцдаа анхныхаа тэмцээндээ буюу залуучуудын Улсын аваргад мөнгөн медаль авч, энэ спортод илүү дур сонирхолтой болсон. Ингээд 2010 оноос хойш бөхийн спортоор огт хичээллээгүй. Гэхдээ бөхийн спортоор хичээллэж байсан монгол эр хүний хувьд тэмцээнгүй үедээ улсынхаа наадамд зодоглодог.

-Улсын наадамд хэдэн удаа зодоглож, хэд давж байв?

-Жил бүр барилдахыг хичээдэг ч тэмцээнтэй үедээ бэртэл, гэмтлээс сэргийлээд өнждөг байсан. Одоогоор нийт дөрвөн удаа зодоглож, гурван удаа нэг давж, нэг удаа нэг ч давалгүй өндөрлүүлж байсан.

-Цаашдаа ч улсын наадамдаа барилдах уу?

-Бодибилдингийн спортод бөх харшилдаг учраас өнгөрсөн жил барилдаад дахиж барилдахгүй гэж шийдсэн ч сая барилдчихлаа. Гэхдээ дахиж барилдахгүй байх аа.

-Бэлтгэл сургуулилтад өдөрт хэр олон цаг зарцуулж байна вэ?

-Би өглөө бүр 06:30-аас бэлтгэлээ хийдэг. Жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэлтэй байдаг. Наадам, цагаан сар тэмдэглэлт баярын өдрүүдэд хүртэл бэлтгэлээ хийж л байдаг байсан. Одоог хүртэл хичээсээр л байна. Бусад спортын хувьд, бэлтгэл хийдэг ч тэмцээнээс сар гаруйн өмнө ч юм уу, эрчимтэй бэлтгэлд ордог. Бодибилдинг бол байнгын дэглэмтэй, байнгын бэлтгэлтэй байдаг спорт.

-Холимог оддын барилдаанд оролцох санал анх яаж ирэв. Хэрхэн хүлээж авсан бол?

-Миний хувьд маш баяртайгаар саналыг хүлээж авсан. Бага байхдаа бөх болох хүсэлтэй байсан болохоор дотор хүн маань маш их баярлаж байх шиг байна билээ.

-Барилдаанд зодоглосон сэтгэгдлээсээ хуваалцаач. Бүх учраа бөхөө давж, уран барилдаан үзүүлсэн шүү дээ?

-Бөхийн өргөөний тэр гоё тугийг тав тойрч хийморио сэргээсэндээ маш их баяртай байгаа. Одоо ч тэр догдлол, мэдрэмж дотор минь буцалж байна.

-Барилдаандаа хэр их бэлдсэн бэ?

-Барилдахын тулд өөрийгөө нэлээн бэлдсэн. Шарлагад орж биеэ борлуулсан. Туг яаж тойрох уу, гараа дэвээгээ яаж гоё хийх үү гээд бүгдийг нь судалсан. Түүнээс гадна бяртай гээд би бярдаж унагаахыг хүсээгүй. Гоё уран барилдаан үзүүлье гэж л бодсон. Товчхондоо бол маш их хичээсэн. Гэтэл хүмүүс мэргэжлийн бөхийн тамирчин авч ирээд оруулчихсан юм шиг л яриад байсан. Гэтэл би чинь бөхөд дуртай, хайртай энгийн нэгэн монгол эр хүн л байгаад байгаа юм. Миний хичээллэдэг бодибилдингийн спортод бөх харш учраас бөхийн бэлтгэл, сургуулилт хийгээгүй 16 жил болж байна.

Барилдах дуртай болохоор хааяа зодог шуудагтай зураг хийхээр "Чамайг ямар бөх гэдэг юм. Булчингаас цаашгүй" гээд нар үзүүлдэггүй байсан хүмүүс сая барилдсан чинь мэргэжлийн хүн оруулаад ирлээ энийг болиул гээд байхаар нь үнэндээ гайхсан. Гэхдээ мэдээж гоё хүлээж авсан эерэг сэтгэгдэл олон байсан учраас баяртай байна.

-Сумын заан цолыг хэзээ, хэрхэн, яаж авч байсан юм бол?

-2012 онд Улаан-Уул өртөөний барилдаанд зодоглож, сумын заан цолны болзлыг хангаж байсан. Барилдахаа больчихсон. Бөхийн бэлтгэл хийдэггүй хүн чинь тэнд л сул болдог юм байна лээ гэх цуу яриад сонсоод ганцаараа вагонд суугаад очсон. Тэр өдрийн тэнгэр миний талд байж, үнэхээр гоё барилдаад сумын заан гэсэн цолны болзлыг хангаж байсан. Энэ цолондоо би үнэхээр хайртай.

-Холимог оддын барилдаан уран барилдаан үзүүлсэн гээд хүмүүс ам сайтай байсан. Энэ бүхэн танд ямар нэгэн байдлаар мэдрэгдсэн үү?

-Монголчууд бөхдөө яасан ч их хайртай юм. Тэр гоё мэдрэмж, хайр, харцыг хүмүүсээс зөндөө мэдэрсэн. Өчигдөр үүрээр бэлтгэлдээ явах гээд таксинд суусан чинь жолооч ах таниад мөнгө аваагүй. Ёстой гоё барилдаан үзүүлсэн шүү. Ах нь мөнгө авахгүй ахдаа 1000 төгрөг л өгчих түрийвчиндээ хадгалчихья гэх жишээний. Эндээс би монголчууд бөхдөө ямар их хайртай юм бэ гэдгийг мэдэрсэн. Бодибилдингийн спортоор олон жил хичээллэсэн хэрнээ би ийм мэдрэмжийг огт авч байгаагүй.

-Барилдааны дараа холимог тулаанч Жалам хар таныг тулаанд дуудсан байсан. Та ямар бодолтой байна вэ?

-Жалам хартай алалцья гээд өлгөж аваад бичлэг хийгээд байх нь ч хаашаа юм. Зүгээр ажиглаж л байна. Үнэхээр нүдэнд нь багтаад, надтай үзмээр байгаа бол би бэлэн байна. Яагаад болохгүй гэж.

-Монгол Улсаа төлөөлж тэмцээнд оролцоход дэмжлэг хэр байдаг бол?

-Монгол хүмүүс бол маш их авъяастай, чадвартай. Яах ч аргагүй ядуу байна. Нэгнийгээ хүлээн зөвшөөрч, дэмжихгүй байна. Чадвартай нэгнийгээ дэмжээд явбал дэлхий ойрхон байгаа. Би гэхэд гадагшаа тэмцээнд явахдаа бүх зардлаа өөрөөсөө гаргадаг. Тэгсэн хэрнээ би тэмцээндээ Монгол Улс гэж оролцдог. Намайг Т.Батнасан гэж биш Mongolia гэж л зарладаг.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Бодибилдингийн спортоор анх хичээллэхдээ Монголын мистер болох зорилготой бэлтгэлээ хийж эхэлж байсан. Ингээд 2021 онд Монголын Мистер болсон. Одоо ирэх тавдугаар сард Монголын мистер тэмцээнээр мистерээ батлах зорилготой бэлтгэлдээ гарчихсан байна. Цаашдаа бодибилдингийн оргил болох Мистер олимпод оролцох зорилготой байгаа.

-Мистер олимп таны хувьд хэр ойрхон байгаа гэж харж байна вэ?

-Сайн бэлтгэлээ хийгээд хичээвэл ойрын 1-2 жилдээ багтчих байх гэж бодож байна. Өөрийгөө мистер олимпийн түвшинд оччихсон гэж харж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Т.Нямдаваагийн өмгөөлөгчөөр ажиллаж байжээ
Хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Т.Нямдаваагийн өмгөөлөгчөөр ажиллаж байжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.