Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр болж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнүүд хэрэгжээгүй шалтгаанд дүн шинжилгээ хийсэн. Нэгдүгээрт. Бид хангалттай ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлж чадаагүй.
Хоёрдугаарт. Хууль эрхзүйн ойлгомжгүй байдал үүссэн. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй байдлаас болж ерөнхий төлөвлөлтүүд хэрэгжээгүй. Мөн үүнийг дагасан авлига, албан тушаалын сонирхлын үр дүнд Богд уулын арын 10 аманд маш олон мянган айлын үнэтэй орон сууцны хаус хороолол баригдсан.
Энэ болгон нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрээр зөвхөн отог зориулалтаар олгогдсон.
Отог гэдэг нь аялал жуулчлал, зугаалгад зориулсан түр майхан барьж амрах газар. Гэтэл өнөөдөр тэнд орон сууцны хороолол боссон. Эдгээр хорооллууд өнөөдөр Улаанбаатар хотоос нийгэм, соёлын бүх үйлчилгээг шаардаж байна. Дээр нь нэмээд дэд бүтэц, шугам сүлжээг бас шаардаж байна. Саяхан Яармагын байрнаас зэвтэй ус гарахад тэр хавийн шугам сүлжээг шинэчлэхэд нийслэл төсвөөс мөнгө гаргасан. Энэ бол зохимжтой төсвийн зориулалт биш. Татвар төлөгчдийн мөнгөөр дархан цаазат газар дээр хууль бусаар баригдсан хорооллын шугам сүлжээг шинэчилнэ гэж юу байх вэ дээ. Энэ бүгдийг засахын тулд зоригтой ажиллана.