Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхтамир: Эрээний нислэг хямд байна гээд МИАТ компани үнээ яг адилхан болгоод алдагдалтай ажиллаж болохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
19 минут 34 секунд

Эрээнээс олон улсын нислэг үйлдэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор "Эрээнээс шууд нислэг хийх нь Монголоос нисэхээс хямд тусаж" байна гэх асуудал цахим орчинд яригдаж эхэлсэн. Үүнээс үүдэн иргэд өөрсдийн байр суурийг цахим орчинд илэрхийлж буй бөгөөд МИАТ-ийн нислэгийн тийз үнэтэй юу үгүй юу гэдэгт төдийлөн хариулт өгч чадахгүй байна. Тэгвэл үүнд хариулт өгье.

Эрээний нислэгийн талаар ИРГЭД ЮУ ХЭЛЭВ?

Цахим орчинд иргэд,

ИРГЭД: Эрээнээс нисэж байгаа Олон улсын нислэгүүд бол яалт ч үгүй Монголчуудад зориулсан нислэг

"Эрээнээс олон улсын нислэгүүд яваад эхэлчихсэн. МИАТ-ийг дампууруулахаар шийдчихжээ. Гэхдээ гайхах юм байна. Sydney руу 1 талдаа 259 ам.доллараар нисэж байж хажууханд нь байгаа Улаанбаатар руу 778 ам.доллар гэх юм. 1.8 сая төгрөгийн зөрүүтэй. Яг яадаг юм бол.

Ямартай ч морио унаад ч хамаагүй Монголоос гарч байгаад аялавал хямдхан гэдэг үг үнэн юм билээ. Эрээнээс нисэж байгаа Олон улсын нислэгүүд бол яалт ч үгүй Монголчуудад зориулсан нислэг л дээ" хэмээжээ.

Мөн иргэдийн зүгээс Эрээнээс шууд нислэг үйлдэгдэж байна гэж үзэж байгаа боловч шууд нислэг бус дамжин нислэг аж. Түүнчлэн транзит нислэгийн үед илүү хямд үнийг санал болгож буй гэнэ. Хэрэв мөнгөө хэмнэхийг хүсвэл Улаанбаатараас Эрээн рүү зорчиж, тэндээс нислэг үйлдэж болох ч энэ нь цаг хугацаа их шаардах юм. Тэгвэл энэ талаарх байр сууриа илэрхийлсэн нэгэн иргэн,

Эрээнээс дамжин нислэг хийгдэх бөгөөд танаас цаг хугацаа их шаардана

"Эрээн-Сөүл 1 талдаа хамгийн бага үнэ нь 123 ам.доллар. Монгол банкны ханшаар өнөөдөр 1 ам.долларын ханш 3387 төгрөг байна.

Ингээд тооцоо хийгээд үзье. 123$*3387₮=416.600 төгрөг. Энэ үнэ зөвхөн 1 талдаа. Хоёр талдаа ниснэ гэвэл 833,200 төгрөг. Дээр нь тэр бүр олдоод байдаггүй хамгийн хямд үнэ нь шүү. Магадгүй та 1 талдаа 200 ам.доллараар ч нисэж мэднэ. Тэгвэл үнэ нь 2 талдаа 1,3 сая төгрөг гараад явчихаж байна. Дээр нь тээш нь 15кг. Илүү гарсан ачаандаа мөнгө төлнө.

2 талдаа хамгийн хямд үнэ болох 833.200 төгрөгөөр Эрээн-Сөүл-Эрээн нисэх боллоо гэж бодъё. Та дээрх зардал дээрээ Замын-Үүд хүрэх 2 талын тээвэр, ачаагаа чирээд Эрээн гарах, буцаж орох зардал, нисэх буудал хүрэх тээврийн зардлаа тооцох хэрэгтэй. Мөн дээр нь онгоцонд хоол нэхээд байдаг хүмүүс уучлаарай, хоолгүй шүү. Зарцуулах цаг хугацааны хувьд бол за бараг нислэгтээ хүрэх, нислэгээс буугаад буцаад УБ-таа ирэхэд нийт 4 өдөр лав хэрэг болох байх.

Хэрэв аялалаа эрт төлөвлөж чадвал МИАТ нислэгийн үнэ хамгийн хямд нь УБ-Сөүл-УБ буюу 2 талдаа 1,2 саятай байдаг. Сайн муу хэлэгдсэн ч хоолтой, дээр нь ачаа 20кг.

"Tapatrip" апп дээрх хамгийн хямд нислэгийн 2 талын үнийг хараарай. Нислэгийн хугацаагаа дор хаяж 10 өдрийн өмнө төлөвлөөд 1 сарын дараа буцаж ирэхээр захиалья гэхэд хамгийн хямд үнэ 1 сая 233 мянгаар үнэ санал болгож байна" гэжээ.

Тэгвэл дээрх асуудалтай холбоотой болон бусад асуудлаар МИАТ-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас тодруулга мэдээлэл авсан юм.

Эрээн хямд нисэж байгаа учраас МИАТ үнээ яг адил болгож, алдагдалтай ажиллаж болохгүй

-Сүүлийн үед Эрээнээс зарим хот руу нислэг үйлддэг болсонтой холбоотойгоор цахим орчинд МИАТ-ийн тийзний үнэ өндөр байна гэх асуудал яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл өгөхгүй юу?

-Ийм асуудал цахим орчинд гарсан байна лээ. Гэхдээ үүнийг иргэд сайтар ойлгох хэрэгтэй. Эрээний буюу тухайн нисэх буудлын хувьд олон улсын нислэг хийхгүй. Харин бусад дотоодын хотуудаар дамжин нислэг хийж байгаа. Үүнийг манай ард иргэд зөв ойлгох хэрэгтэй.

МИАТ компанийн хувьд нислэгийн тийз үнэтэй байдаг гэх ойлголт байдаг. Ийм асуудал байсан уу гэвэл байсан. Гэхдээ 2011 оноос хойш үнэ тарифтаа огт өөрчлөлт хийгээгүй байсан МИАТ компани 2023 оны есдүгээр сард олон улсын 9 чиглэлд тарифаа хямдруулж өгсөн байгаа. Энэ нь тухайн чиглэл бүр дээр харьцангуй өөр буюу 10-26 хувийн хямдралыг бий болгож өгсөн.

-Тэгвэл тийзний үнэ яагаад өндөр байгаад байна?

-Тийзний үнэ нь тухайн нислэгийн эхлэлээс төгсгөл цэг хүртэлх зардлын тооцооноос хамаарч гардаг. Мөн зардал дээр тухайн агаарын тээвэрлэгчийн ашиг нэмэгдэж, тийзний үнэ бүтдэг.

Тийзний үнийг олон улсын нислэг үйлддэг агаарын тээврийн компаниуд гадаадын валютаар тогтоож өгдөг. Тиймээс дан ганц МИАТ гэлтгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын нислэгийн үйлчилгээ үзүүлдэг агаарын тээврийн компаниуд гадаад улсын дээгүүр ниснэ. Гадаадын айрфортууд руу бууж, хөөрч байгаатай холбоотой зардал ч мөн гардаг. Энэ нь валютаар төлөгддөг учраас үнэ тарифаа заавал валютаар тогтоодог.

Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд төгрөгийн ханш эрчтэй унаж, долларын ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад валютын үнэ өсөж байна. Тиймээс ард иргэдийн гар дээр билетний үнэ өсөж байгаа мэт харагддаг боловч үндсэндээ 2011 оноос хойш тухайн билетний үнийг валют хэлбэрээр нь өсгөөгүй бас буулгаагүй байсан бол 2023 онд үнэ тарифыг буулгаж өгсөн.

Яагаад үнэ тарифыг буулгасан бэ гэвэл,

Компаниас гардаг нийт зардлын 30-40 хувийг шатахууны зардал эзэлдэг. Монгол Улс өөрөө шатахуун үйлдвэрлэгч орон биш. Гаднын орнуудаас шатахуун импортолж, хэрэглэдэг. Үндсэндээ сүүлийн 20-оод жилийн хугацаанд дотоодын шатахуун тээвэрлэгч байгууллагуудаас нээлттэй тендерийн дагуу худалдан авалт хийдэг байсан. Харин өнгөрсөн 2022 оны есдүгээр сараас эхлээд бид ОХУ-ын Роснефьт компаниас шатахууныг ямар нэг нэмэгдэл ашиггүйгээр худалдан авдаг болсноор шатахууны үнэ харьцангуй хямдарсан. Үүнтэй холбоотойгоор тийзний үнийг бууруулж чадсан.

Түүнчлэн агаарын тээврийн үндсэн орлого, зардлыг гол барьдаг зүйл бол СУУДАЛ ДҮҮРГЭЛТ. Суудал дүүргэлт сайн байж тухайн нислэгийн тийзний үнийг хямдруулах боломж гарна гэсэн үг.

Суудал дүүргэлтийн хувьд яривал,

Монгол Улс 3,3 сая хүн амтай. Монгол Улсын агаарын тээврийн бизнесийн модель маш жижигхэн. Хүн ам цөөтэй улс учир бүх чиглэл рүү олон зорчигч урсгал байхгүй. Харин байгаа чиглэл рүүгээ аль болох хямд тийзний үнийг санал болгоод явах боломжтой.

Мэдээж БНХАУ-ын хувьд хүн ам ихтэй. Тэр олон хүн амын дунд нисэж буй компаниудад зорчигч, урсгал өндөр байгаа учраас зарим нэг суудлыг хямд гаргах боломжууд нь үүсдэг. Үүнд ямар ойлголт байдаг вэ гэхээр,

Үндсэн чиглэл буюу Эрээнээс Тяньжин хот руу нисэх чиглэл дээр зорчигч урсгал их байна. Гэтэл нислэгийн суудал дүүрэхгүй, сул үлдэж байвал транзит зорчигчид буюу дамжин нисэх зорчигчдод хямд борлуулах боломжийг агаарын тээврийн компаниуд бодлогоор бий болгож өгдөг. Жишээлбэл, МИАТ компанийн хувьд Токиогоос Улаанбаатар руу дамжин Франкфурт явах, Франкфуртаас Улаанбаатараар дамжаад Токио явах чиглэлийн буюу транзит зорчигчдод хямд үнэ санал болгодог. Энэ нь ямар зорилготой вэ гэхээр тухайн суудлыг хоосон явуулж, алдагдал үүрүүлэхгүйн тулд үлдсэн суудлуудаа транзит зорчигчдоор дүүргэх бодлогыг барьдаг.

Сошиал орчинд хүмүүсийн бичсэнийг харж байхад, Улаанбаатараас Эрээн рүү газраар явж, Эрээнээс 2, 3 хотоор дамжин цааш нисэх нислэгүүд 17-30 орчим цагийн хүлээлэг үүсэж очиж байгаа. Харин Улаанбаатараас Сөүл нисэхэд 3:30 цагийн л нислэг. Улаанбаатар-Сөүлийн чиглэлд бидний санал болгож байгаа үнэ бол 1,1 сая төгрөг байгаа. Мөн иргэдийн зүгээс агаарын тээврийн бизнесийн моделийг ойлгохгүй байгаатай холбоотойгоор дээрх асуудалд хандаж байна гэж бодож байна.

Үнийн хувьд МИАТ компани харьцангуй өрсөлдөхүйц үнэтэй байгаа. Яагаад гэвэл Улаанбаатараас Сөүлийн чиглэлд Монголоос МИАТ болон Area Mongolia компани, Солонгосын талаас 5 компани нисэж байгаа. Тэгэхээр эдгээр компаниуд бүгд хоорондоо үнээрээ л өрсөлдөж байна. Тиймээс бид ямар бизнесийн моделийг ашиглаж, нислэгийг үр ашигтай байлгах вэ гэдэг тооцоог гаргаж байгаа.

Түүнчлэн иргэдэд хандаж хэлэхэд шүүмжлэх эрх мөн хардах эрх бий. Гэхдээ үнэн зөв мэдээллийг гаргаж тавих хэрэгтэй.

-Дээрх асуудалтай холбоотойгоор иргэдийн зүгээс нэгэн хардлага, таамгийг дэвшүүлсэн байна лээ. Энэ нь МИАТ-ийг хувьчлах хүсэлтэй хүмүүс ийм мэдээлэл гаргаад байна гэж ярьж байна. Үүнд хариулт өгөөч?

-Үүнийг хэлж мэдэхгүй байна. Магадгүй ийм санаа зорилготой хүмүүс дээрх мэдээллийг явуулж байгааг үгүйсгэхгүй. Яахав, ковидын нөхцөл байдлын үед МИАТ компани 2 жилийн хугацаанд ашиггүй, алдагдалтай ажилласан нь үнэн. Гэхдээ ковидын дараа хамгийн хурдан сэргэж буй салбар бол манай салбар.

МИАТ компанийн хувьд 2022 онд 37 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарсан. 2023 онд түүхэндээ хамгийн өндөр цэвэр ашигтай ажилласан. Үндсэндээ 2023 онд улсын төсөвт 56 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол цэвэр ашгийн 50 хувийг ногдол ашиг болгон улсад төвлөрүүлсэн. Ингээд тооцвол 2023 онд 80-90 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлсэн байна.

-Түүнчлэн иргэдийн зүгээс МИАТ компанид маш олон дарга байдаг. Үүнээс үүдэн ашиг сонирхлын зөрчил үүсдэг гэх асуудлыг дэвшүүлсэн байсан?

-Энэ өнцгийг гаргаж байгаа нь зөв гэж харж байгаа. Гэхдээ бодит тоон мэдээллийг өгөх хэрэгтэй. Үндсэндээ МИАТ компани 1078 ажилтантай гэдэг нь үнэн. Мөн цахим орчинд 120 даргатай гэдэг асуудал яригдаж байна лээ. Ийм асуудал байхгүй. МИАТ компани 4 газартай, 24 хэлтэстэй, 6 тасагтай үйл ажиллагаа явуулдаг. Үндсэндээ нийт хэлтэс нэгжийн дийлэнх ажилтнууд үйлдвэрлэлийн ажилтнууд байдаг.

Мөн МИАТ компанийг хэт олон ажилтантай, цөөхөн онгоцтой гэж ярьдаг. Одоогоор бид 10 онгоцтой үйл ажиллагаа явуулж байгаа. Яагаад 1078 ажилтан 10 онгоцтой байдаг вэ гэхээр,

Агаарын тээврийн бизнесийг дагасан олон бизнес байдаг. МИАТ компани ганцхан зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаггүй мөн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрыг ажиллуулдаг. Үүнээс гадна газрын үйлчилгээ буюу онгоцыг газарт байх үйлчилгээг МИАТ компани хийдэг.

Мөн цаашид бидний барьж буй бодлого бол агаарын хөлгийн засварын үйлчилгээний газрыг Зүүн өмнөд Азид байгаа хамгийн шилдэг, хямд үйлчилгээ үзүүлдэг төв болгох зорилготой явж байна. Ойрын 5 жилийн хугацаанд агаарын хөлгийн хөдөлгүүрт үйлчилгээ хийх зорилтыг тавин ажиллаж байна. Магадгүй агаарын хөлгийн засварын үйлчилгээний газрын тусдаа компани гарах юм бол энд ажиллаж буй хүмүүс МИАТ-аас гарах юм.

Мэдээж газрын үйлчилгээний хувьд зөвхөн Чингис хаан нисэх буудалд бус гаднын эйрфортуудад гэрчилгээжсэн үйлчилгээ үзүүлдэг болох зорилготой байгаа. Энэ нь цаашлаад тусдаа бизнес болж, өөрсдөө тусдаа орлого олдог болох юм. МИАТ компани өнгөрсөн жил олсон цэвэр ашгийн багагүй хувийг энэ хоёр компани маань олж байгаа юм.

МИАТ компани нийт татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй

-МИАТ компани алдагдалтай жилүүддээ төсвөөс мөнгө авдаг гэх мэдээлэл гарсан. Үүнд хариулт өгвөл?

-Энэ бол ташаа мэдээлэл. Алдагдал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Ковидын үед эхний жил нь 52 тэрбум, 2 дахь жил нь 12 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан гэж байгаа ч олон улсад үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд маань тухайн төлбөрийг хойшлуулж өгсөн. Үндсэндээ үйл ажиллагаа зогсох хэмжээнд хүрээгүй, нийт татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. МИАТ компани энэ өр төлбөрийг өөрийн ашгаараа барагдуулж дууссан.

-МИАТ-ийн хувьд хамгийн их шүүмжлэлд өртдөг асуудал бол хоолны асуудал. Энэ яг юутай холбоотой байна. Тухайн нийлүүлж буй компанитай холбоотой юу. Мөн энэ асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн 15 жилийн хугацаанд зөвхөн 1 компаниас хоол нийлүүлдэг байсан. Гэвч үүнийг зорчигчид МИАТ-ийн хоол муу байна гэж үздэг. Үндсэндээ бид тэр хоолыг гуравдагч хувийн хэвшлээс нийлүүлэлтийн гэрээгээр авдаг. Харамсалтай нь энэ гэрээн дээр хэтэрхий монопол байдал үүссэн байсан.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 15 жилийн хугацаанд тендергүйгээр нэг компани МИАТ-ийн хоолыг хариуцаж байсан. Үүнийг бид юу гэж харсан бэ гэвэл өрсөлдөөнийг бий болгож чадахгүй байгаа учраас хоолны чанар сайжрахгүй байна гэж үзсэн. Хэрэглэгчээс гомдол ирэх үед бид нийлүүлэгч компанидаа хандахаар тухайн компани монопол учир гомдлыг хүлээж авахгүй тохиолдол гардаг байсан. Тиймээс үүнийг хуулийн дагуу явуулахаар болсон. Сүүлийн 2 жилийн хугацаанд 6 удаа тендер зарласан ч олон шалтгааны улмаас амжилтгүй болсон. Үүнийг хуулийн байгууллагууд маань шалгаад асуудлыг гаргах байх.

Өөрөөр хэлбэл хуулийн дагуу өрсөлдөөн бий болгож, хамгийн хямд үнээр, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулъя гэсэн заалт байгаа. Ингэснээр хоолны чанар сайжраад эхэлнэ.

МИАТ компани сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас барьж буй Агаарын тээврийг либералчилъя. Олон улсын компаниудыг оруулж ирье гэдэг асуудлыг барьж байна. Өнгөрсөн 67 жилийн хугацаанд манай компани салбартаа монопол байсан учир "МИАТ-аар нисэж чадахгүй бол боль" гэдэг хандлагатай байсан. Харин либералчлалын хүрээнд өрсөлдөөнийг үнэ, үйлчилгээгээр бий болгох хэрэгтэй болж байгаа. Гэтэл үйлчилгээний 50-аас дээш хувийг хоол эзэлж байна. Тиймээс хоолны амт, чанар сайн байх хэрэгтэй.

Мөн үйлчлэгчдийн харилцаа хандлага сайжрах хэрэгтэй, уян хатан байх ёстой. Мэдээлэл ил тод бишээс болж олон зорчигчийг бухимдуулдаг асуудлыг засаж, сайжруулъя гэдэг ажлыг сүүлийн 2 жилийн хугацаанд эрчимтэй хийж байна.

Түүнчлэн 15 жил монопол байсан хоол нийлүүлэгч компанийг тендерт оролцож, хуулийн дагуу шалгар гэдэг шаардлагыг тавьж байгаа. Гэвч ингэж явах нь тэдгээр хүмүүст хүндрэлтэй байгаа нь ойлгомжтой.

Улаанбаатар-Эрээн рүү нислэг үйлддэг болно

-Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч?

-Өмнө хэлсэнчлэн бид 2023 онд хамгийн өндөр ашигтай ажилласан. 2024 онд энэ түүхэн амжилтыг дахин эвдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн орон нутгийн нислэгүүдийг сэргээсэн.

  • 2024 оны 3-р сарын 3-ны өдөр анхны орон нутгийн онгоц буюу 70 хүний суудалтай маань ирэх гэж байна. Ингэснээр орон нутгийн тариф дахин буурах боломжтой болно.
  • 2024.04.15-нд АНУ-руу шууд нислэг хийх онгоц маань ирэх гэж байна.
  • 5-р сарын дундуур дахин орон нутгийн 70 суудалтай онгоц орж ирэх гэж байна. Үндсэндээ энэ жил 3 онгоц авна.
  • 2025 онд мөн 2 онгоц нэмж авна.

Түүнчлэн энэ онд манайх 3 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөгөөнд тусгасан байгаа. Тодруулбал,

  • Нэгдүгээрт, АНУ-ын шууд нислэг
  • Хоёрдугаарт, БНХАУ-ын Эрээн хот руу шууд нислэг үйлдэнэ
  • Гуравдугаарт, Вьетнам улсын Хо Ши Мин хот руу шууд нислэг үйлдэнэ.

Эрээний нислэг нээгдээд эхлэхээр хамгийн бага зардлаар явдаг эйрлайнуудтай холбогдуулаад Эрээний нислэгийг ашиглан бусад улс руу хямд зорчих боломж нээгдэнэ. Мөн түүнчлэн бид Эрээн хямд нисэж байгаа учраас МИАТ компани үнээ яг адилхан болгоод алдагдалтай ажиллаж болохгүй. Бизнесийн моделийн хувьд өөр. Өөр зах зээл, өөр ажиллагаа явагдаж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ сарын 20-ноос эхлэн Улаанбаатар хотын халиа тошин үүсээд буй 35 байршилд мөсийг зөөж эхэлжээ
Энэ сарын 20-ноос эхлэн Улаанбаатар хотын халиа тошин үүсээд буй 35 байршилд мөсийг зөөж эхэлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.