Монголын шатрын холбооны өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн “Millenium Plaza” зочид буудлын их танхимд ирэх сарын 6-10-ны өдрүүдэд болох бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссыг Их мастер А.Энхтуул ахалж байна.
Долоон насны ангилалтай тус тэмцээнд аймаг бүрээс хоёр, нийслэлээс 18 шатарчин өрсөлдөх юм. Тэмцээний эхний гурван байрт орсон шатарчид 2024 оны өсвөрийн шатарчдын ДАШТ, Азийн АШТ, Зүүн Азийн АШТ гэсэн гурван тэмцээнээс сонголт хийж оролцох боломжтой бол охидын болон нээлттэй ангиллын 8, 10, 12 насанд зөвхөн түрүүлсэн тамирчин энэ онд анх удаа зохиогдох өсвөр үеийнхний дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөх эрх авна.
Шатрын өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээний охидын ангилалд хамгийн их түрүүлсэн тамирчин нь Их мастер Ү.Үүрийнтуяа (10 удаа түрүүлсэн) бол хөвгүүдийн ангилалд Их мастер Ц.Батчулуун, спортын мастер Б.Галмандах, Р.Эрдэнэтулга нар тус бүр зургаан удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг байна.