Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Хүдэрбат: Би танихгүй ч эгэл аав, энгийн нэгэн ээжид “Та гэр бүлийнхээ төлөө маш их хичээсэн шүү“ гээд урам өгөхийг хүссэн

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 26 секунд

Цахим орчинд эерэг хандлага түгээж, нийгэмд гэрэл гэгээг цацруулж буй "YRUNDUG" цахим хуудасны залуусыг UBN сайт онцолж байна. Нийтийн тээврийн урт автобусыг чимэглэж, их хотод өнгө нэмэн, зорчигчдынхоо сэтгэлд баяр хуруулж байсан тэд энэ удаад замын голд хөдөлгөөн зохицуулж байгаа цагдаа, их хотдоо өнгө нэмэхээр өдөр шөнөгүй зүтгэдэг ТҮК-ийн ажилтан гэх мэт 10 гаруй хүнд гэнэтийн бэлэг барьж, олон нийтийн талархлыг хүлээгээд буй юм.

Стресстэй нийгэмд гэрэл түгээх том зорилго тээж, үеийн залуустай үлгэрлэн, олон хүнд эерэг энерги түгээсэн "YRUNDUG" цахим хуудасны залуусын төлөөлөл Б.Хүдэрбаттай уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Бөхбатын Хүдэрбат гэдэг. "YRUNDUG" цахим хуудасны үүсгэн байгуулагч. Нийгэмдээ нэг ч гэсэн зүйлээр үлгэрлэж, эерэг хандлага түгээхийг эрмэлзэж яваа залуу үеийн төлөөлөл байна.

- "YRUNDUG" цахим хуудсыг нээгээд удаагүй байгаа гэж ойлгосон. Яагаад энэ ажлыг эхлүүлэхээр болсон бэ?

-Утаатай, бензингүй, түгжрэлтэй, хүйтэн гээд бидэнд стресстэж, бухимдах шалтгаан маш олон байдаг. Тиймээс өөрсдийнхөө боломж бололцоогоор нийгэмд эерэг хандлагыг түгээж, нэг ч гэсэн зүйлээр үлгэрлэхийг хүссэн. Найзуудтайгаа уулзаад ярилцаад сууж байх үед нэг найз маань пэйсбүүкээр дүүрэн хар бараан мэдээлэл байна. Гэрэлтэй, гэгээтэй юм нэг ч алга гээд бухимдлаа илэрхийлсэн. Тухайн үед, Бидний дунд "Бид яагаад эерэг зүйл хийж, энэ байдлыг өөрчлөхөд бага ч гэсэн хувь нэмэр оруулж болохгүй гэж" гэх утгатай яриа өрнөсөн. Энэ яриа яг юу хийвэл илүү олон хүнд хүрч, тэдний инээх шалтгаан болж чадах бол гэсэн яриагаар үргэлжилж, эцэст нь нийтийн тээврийн автобус чимэглэх шийдэлд хүрсэн.

-Стресс, бухимдал дүүрэн их хотынхны амьдралд өнгө нэмж, зорчигчдын сэтгэлд баяр хуруулсан чимэглэлтэй автобус гээд цахим орчинд бүүм болж байгаа харагдсан?

-Бидний хийсэн ажлыг хүмүүс маш гоё хүлээж авч байгааг хараад маш их баярласан. Товчхондоо бол эерэг бүхнийг түгээхийг хүссэн бидний зорилго амжилттай биелсэн гэсэн үг. Олон хүнд эерэг мэдрэмж төрүүлж, гэрэл түгээхэд хамгийн тохиромжтой нь автобус чимэглэх байсан учраас Зорчигч тээврийн нэгтгэлд хүсэлт гаргаж, урт автобус чимэглэсэн. 5-6 хүн хоёр хоног ажилласны үр дүнд бэлэн болсон. Одоо ч үйлчилгээндээ явж, олон олон хүнд баяр баясал мэдрүүлсээр байгаа гэж бодохоор сэтгэгдэл маш өндөр байгаа.

-Сүүлд хүмүүст оргилуун дарс, торт өгч байгаа бичлэгүүд нь цацагдсан байсан. Нийт хэчнээн хүнд өгсөн бэ. Хэрхэн яаж хүлээж авсан талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Гол зорилго нь торт шампанск өгөхдөө бус гэр бүлийнхээ төлөө цаг наргүй зүтгэж байгаа ах, эгч нарыгаа маш гоё үгээр шагнаж, урам зориг өгөхийг хүссэн. Үг гэдэг өөрөө асар их хүчтэй. Тэр ч утгаараа маш гоё үг бичээд, баярын ширээнийх нь оргилуун дарс, тортыг бэлэглэхийг хүссэн. Тухайлбал, "Энэ жил та хайртай бүхнийхээ төлөө хангалттай сайн хичээлээ. Ирэх жил таны жил байх болтугай" гэх үг бичлэг үзсэн хүмүүст хүртэл маш их урам зориг өглөө гээд бидэнтэй холбогдсон.

-Хүмүүсээ яаж сонгосон бэ. Цагдаа, ТҮК-ийн ажилтан, ажлаа хийж байгаа үйлчлэгч гээд олон хүнд өгсөн харагдсан?

-Замын цагдаа, ТҮК-ийн ажилтан, ажлаа хийж байгаа үйлчлэгч гээд таны сая нэрлэсэн хүмүүс бол биднийг амар тайван, цэвэрхэн амьдрахад тусалдаг онцгой гавьяатай хүмүүс. Тийм ч учраас тэдгээр хүмүүсийн төлөөллийг заавал баярлуулахыг хүссэн. Түүнээс гадна, гэр бүл үр хүүхдийнхээ төлөө амсхийх завгүй ажилладаг эгэл аав, энгийн нэгэн ээжид ч гэсэн та гэр бүлийнхээ төлөө маш их хичээсэн шүү гээд урам өгөхийг хүссэн. Та бүхэн анзаарсан бол цаасны буланд бичсэн тавхан үг хүний сэтгэлийг яаж хөдөлгөж, ямар царайны хувирал гаргаж байгаа нь манай бичлэгүүдээс маш тодорхой харагдаж байгаа. Авч байгаа хүнээс гадна өгч байгаа бид хүртэл маш их аз жаргалыг мэдэрч, эрч хүч, урам зоригийг авсан. Бидний бичлэгийг үзсэн хүмүүс хүртэл бидэнтэй холбогдож, "Бүх бичлэгийг нь үзлээ. Зөндөө уйллаа. Баярлалаа. Мундаг залуучууд байна" гэж хэлсэн.

-Та бүхний цаашдын зорилго юу вэ?

-Төлөвлөсөн ажлууд олон байгаа. Одоохондоо нууц хэвээр нь үлдээе. Эерэг бүхнийг түгээж, чадлынхаа хэрээр гэрэл түгээх зорилгынхоо хүрээнд олон ажил хийж, илүү олон хүнийг баярлуулахаар төлөвлөж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна.

-Залуучууд нэгдээд гоё ажил хийе гэхээр санхүүгийн асуудалтай нүүр тулж, шантрах зам тулдаг. Та бүхний хувьд энэ асуудлыг яаж шийддэг вэ?

-Бидний зорилго гэгээлэг, гоё болохоор эхний хоёр ажил маань саадгүй бүтсэн гэж бодож байгаа. Биднийг дэмжиж ажилласан SURPRISE SHOP-ын хамт олондоо бол маш их баярлалаа. Тэр тусмаа н.Солонго эгч болон н.Бэхээ ах хоёртоо бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бас WENDY BAKERY-гийн хамт олондоо бас маш их баярлалаа.

-Сүүлийн асуултыг танд үлдээе. Та бүхнийг дэмжиж, урмыг үгсээ харамгүй хайрлаж байгаа хүмүүст хандаж, юуг хэлмээр байна?

-2023 оны төгсгөлд бид багахан ч гэсэн эерэг уур амьсгал түгээх гэж хичээлээ. Биднийг дэмжиж, бидэнд маш гоё урмын үгсийг харамгүй илгээсэн та бүхэнд бүгдэд нь баярлалаа. Та ч гэсэн 2023 ондоо хайртай бүхнийхээ төлөө хангалттай сайн хичээлээ. Та чадах бүхнээ хийсэн. Ирэх 2024 он таны жил байх болтугай. Шинэ оны мэнд хүргэе гэж хэлмээр байна.

Ярилцсанд баяралаа. Амжилт хүсье.

“Дэлхийн томоохон хотын иргэдийн 60 хувь нь автобусаар зорчдог. Улаанбаатарт эсрэгээрээ 50 хувь нь хувийн машинаар зорчиж байна“
“Дэлхийн томоохон хотын иргэдийн 60 хувь нь автобусаар зорчдог. Улаанбаатарт эсрэгээрээ 50 хувь нь хувийн машинаар зорчиж байна“
 
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөн зургаадугаар сард нээгдэнэ
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөн зургаадугаар сард нээгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.