“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан нүүрсний сонсголын хоёр өдөр ийн өндөрлөлөө. Өнөөдрийн /2023.12.19/ сонсголыг товчхондоо, Түр хорооны гишүүд нь хоорондоо "толхилцоонтой", оролцсон гэрчүүд нь асуудлаас холуур "алтан дундаж"-ийг баримталж оролцсон гэж зураглаж ч болох юм. Харин энэхүү "зураглалыг" дэлгэрэнгүй мэдээллээр нь "хачирлаж" уншигч танд хүргэе.
-Т.Аюурсайхан, Ж.Мөнхбатгүй сонсгол "АМТГҮЙ-
Өмнөх сонсголоор нүүрсний хэрэгт гол ам нээх хүнээр Б.Ганхуягийг нэрлэж, түүнийг авч ирэхийг Түр хорооны гишүүд шаардаж байв. Тиймдээ ч түүнгүй сонсгол "амтгүй" хэмээн олон нийт шүүмжилж байв. Харин энэ удаагийн сонсгол дээр хэн моодонд орсон бэ. Тэр тусмаа өнөөдөр.
Сонсголд дуудагдсан гэрч нарын нэрс зарлагдсанаас хойш олон нийт гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаа мэдэгдсэн Ж.Мөнхбат, сонсголд оролцоно гэдгээ удаа дараа зарласан Т.Аюурсайхан нарын ам нээх өдрийг хүлээсэн гэж хэлж болно. Тэр өдөр нь угтаа өнөөдөр. Гэвч тэдний бараа, сураг сонсголын танхимд харагдсангүй. Гэхдээ тэд тайлбартай. Тодруулбал, Ж.Мөнхбатыг гэрчээр дуудсан боловч эргэж холбогдоогүй, хариу өгөөгүй. Гэтэл Түр хорооны дарга нь түүнийг 10 сард хилээр гараад Монголд эргэж ирээгүй байгаа талаар мэдээг дуулгав. Харин Т.Аюурсайхан эрүүл мэндийн шалтгаантай тул оролцох боломжгүй тухай хүсэлтээ Түр хороонд ирүүлсэн байна.
-Б.Ганхуягийг ОРОЛЦУУЛАХ БОЛОМЖГҮЙ-
Өнөөдрийн сонсголд Б.Ганхуяг дахин гэрчээр дуудагдсан байсан. Гэвч түүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа тул оролцуулах боломжгүй талаар шүүхээс мэдэгдсэн байдаг. Энэ удаагийн таван өдөр үргэлжлэх сонсголд Б.Ганхуяг оролцох боломжгүй гэдэг нь бараг л тодорхой болов бололтой.
-2011 оны ЗГ-ын хуралдаан дээр Чалкогийн гэрээ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ танилцуулагдсан гэв-
Үргэлжлүүлэн сонсголын гэрчтэй холбоотой мэдээллийг хүргэе. Сонсголд 51 гэрч дуудагдсанаас хүлээлт үүсгэсэн нь Сангийн сайд С.Баярцогт, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар байлаа. Тэд хоёул өнөөдрийн сонсголд яагаад оролцож байгаагаа, яагаад гэрчээр дуудсаныг нь ойлгохгүй байгаа талаараа хэлсэн.
Харин С.Баярцогтын зүгээс өгүүлсэн ганц зүйл нь "2011 оны ЗГ-ын хуралдаан дээр Чалкогийн гэрээний хоёр талд явж байгаа танилцуулгыг нууцын зэрэглэлтэй хийж байсан. Гурван хувийн хүү гэдгийг ч бид нар мэдэж байсан" гэх мэдээлэл байв. Түр хорооны даргын зүгээс "Хамаатай л байсан юм байна" гэх үгийг унагав.
-УЛС ТӨРЧДИЙН ШАХАА байдгийг НОТЛОВ-
Сонсголд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үе үеийн удирдлагууд гэрчээр дуудагдсан. Тэдний нэг болох "ЭТТ" ХК-ны анхны захиралаар ажиллаж байсан Б.Энэбиш улс төрчдийн шахаа байсан талаар мэдээлэв. Тэрбээр "Хувь УЛС ТӨРЧДИЙН ШАХАА байсан. Намайг ажиллах хугацаанд УИХ-ын 30 гаруй гишүүн утсаар ярьсан. Дуудаж уулзаж байсан байдаг" гэсэн юм.
-230 км газарт 10-14.2 доллар, 20 км газарт 28-121.8 доллар-
Цагаан хадны нүүрс тээвэрлэлтийн зардалтай холбоотой асуудал анхаарал татлаа. Тодруулбал, ЭТТ уурхайгаас Цагаан хадны талбай хүртэл 230 км газарт тээврийн зардал нь тонн тутамд 10-14.2 доллар бол Цагаан хаднаас Гашуунсухайт хүртэлх 20 км газарт тэээврийн зардал нь тонн тутамд 28-121.8 доллар байна хэмээн шинжээч танилцуулсан. Энэхүү тээвэрлэлтийн зардлыг огцом нэмдэг асуудлаас нүүрсний хулгай эхэлнэ гэдгийг Түр хорооны дарга ч онцолсон.
Харин энэ тээврийн зардлыг Т.Доржханд гишүүний зүгээс төмөр зам барихгүй байх шалтгаан хэмээн тайлбарлав. Тэрбээр "Богинын тээвэр дээр л гэхэд 170 ам.доллараар нэг тонныг зөөгөөд байсан. Ийм ашигтай бизнес байхад юу гэж төмөр замаар 8 доллараар зөөх юм бэ. Ингээд л найрлаад явчихсан" гэсэн юм.
Харин Б.Энхбаяр сайдын зүгээс Цагаан хадны тээврийн ард өчигдрийн сонсголд оролцсон компаниудын эрх ашиг байсан гэх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Тээврийн компаниудын боссууд ба гаалийн мафи гэсэн схем бүтэн зураглалаараа өчигдөр харагдсан. Сонсголын ач холбогдол энэ. Цагаанхадыг буулгахгүй гэж эсэргүүцэж байсан жолооч нарын ард өчигдрийн компаниудын л эрх ашиг байсан" гэв.
-Түр хорооны гишүүд сонсголыг уйдаасангүй-
Өнөөдрийг сонсголыг сонирхолтой болгосон хүмүүс нь Түр хорооны гишүүд өөрсдөө байв. М.Оюунчимэг, Т.Доржханд нарын гишүүд Түр хорооны даргаас "зэмлэл" хүртсэн бол Д.Ганбат гишүүн "Ариун цэврийн өрөө ч оролгүй сонсголдоо суусан" гэх сайшаал авав.