Нүүрсний сонсголын эхний шат явагдаж олон ч улстөрчид “шарх сорвитой” үлдлээ. Хэний ч бодож, таамаглаж байгаагүй хүмүүс нүүрстэй холбогдож, олон нийт дор бүрнээ дүгнэлт хийж сууна. Товчхондоо түр хорооны, сонсголын гол зорилго үүнд л оршиж буй юм.
Тэгвэл эхний шатны сонсголын үеэр олны анхаарлыг татсан чухал асуулт бол хоригдож буй Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцуулах явдал байлаа. Түр хорооны зүгээс хоригдож байгаа учраас гэрчээр оролцуулах хуулийн гарц байхгүйг тайлбарласан. Гэвч С.Ганбаатар тэргүүтэй улстөрчид Б.Ганхуягийг нэхээд багагүй дуулиан тарив. Сүүлдээ Б.Ганхуяггүй сонсгол бол сонсгол биш гэх агуулгаар Ардчилсан нам, тэр дундаа Х.Баттулгатай дэндүү ойр улстөрчид баахан цамнаж, акц хийлээ.
Уг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн асуудлыг ярихад Б.Ганхуяг чухал уу гэвэл чухал. Магадгүй олон асуудлын гогцоог тэрбээр тайлж мэднэ. Гэхдээ нөгөө талдаа дарамт шахалтад орох, хэн нэгнээс улс төрийн хувьд өш авах сэдлээр үнэн зөв нь мэдэгдэхгүй баахан нэр хэлж, сонсголыг бүхэлд нь бужигнуулах ч эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг бол хоёр үзүүртэй хутга гэсэн үг.
Тэгвэл Б.Ганхуягийг аль намын гишүүд хамгийн их нэхсэн бэ гэдийг дахин нэг эргэцүүлж бодох нь зүйтэй. Мэдээж Ардчилсан намынхан. Хэн хэн тэдний тэргүүнд гарч нэхсэн бэ. Ш.Адьшаа, С.Ганбаатар тэргүүтэй Х.Баттулгыг аялдан дагагчид. Тэр дундаа Ш.Адьшаа гишүүн Б.Ганхуягийн гэр бүлийг Төрийн ордон руу оруулж, акц зохион байгуулсан гэдгийг ч Түр хорооны дарга хэлээд амжсан. Гэр бүлийнхнийх нь хувьд сонсголд оруулах, эрүүл мэндийг нь л бодож байгаа байх. Харин Ж.Баттулга тэргүүтэй АН-ынханд бол Б.Ганхуягийг гаргах, сонсголд оруулцуулах ямар ч сонирхол байхгүй. Тэд зөвхөн Б.Ганхуяггүй сонсгол үр дүнгүй гэх ойлголтыг нэгдүгээрт олон нийтэд өгөх явдал юм.
Хоёрт, нүүрсний сонсголоор бүрэн буланд шахуулах гэж буй экс Ерөнхийлөгч Х.Баттулгад “амьд” үлдэхийн тулд МАН-ын нүүрсчидтэй барьцахаас өөр стратеги үлдээгүй учраас л Б.Ганхуягийг тэдний талынхан сүрхий сэвсэн юм. Яагаад гэвэл Б.Ганхуяг гарч ирж байж, МАН-ын хамгийн том, жинхэнэ нүүрсчдийн арьсыг хуулна. Тэр гарч ирсэн даруйд МАН-ын нүүрсчид эвгүй байдалд орно. Ингэж байж л Х.Баттулга олон нийтэд ганцаараа нүүрс, төмөр замын асуудалд холбогдож харагдахгүй. Энэ цаг үед түүнээс дутахгүй ранктай улстөрч нүүрсний асуудалд орооцолдох нь Х.Баттулгад л ашигтай. Цаашлаад Б.Ганхуягийг ашиглан МАН-ыг эвгүй байдал оруулж байж л эрх баригчидтай тохироо хийх нөхцөл нь бүрдэх учиртай. Өөр ямар ч арга түүнд үлдээгүй.
Тиймээс л саяын сонсголын үеэр Б.Ганхуяг гэдэг акцыг түүний талынхан хүчтэй өрнүүлсэн юм.
Г.Лхагвадорж