Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 28 дугаар бага хурал Дубай хотноо эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 12 секунд

Манай сэтгүүлч Г.Лхагвадорж Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотоос мэдээлж байна.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал /COP28 – Conference of the Parties/ өнөөдөр эхэллээ. Ирэх сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус хуралд конвенцод нэгдэн орсон улс орнуудын төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын нийт 70 гаруй мянган хүн оролцож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг 1992 онд Рио де Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцыг 1993 онд соёрхон баталсан байдаг.

Талуудын бага хурал нь уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг хэлэлцдэг, хамтын гарц шийдэл олох гол индэр юм. 28 дугаар бага хурлаар уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлж, хүртээмжтэй болгох, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй алдагдал, хохирлыг бууруулах сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, талуудын оролцоог хангаж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах үйл хэрэгт тодорхой дэвшил гаргах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Арабын Нэгдсэн Эмират Улс COP28 бага хурлыг даргалахдаа дараах асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч байна. Үүнд:

  1. Эрчим хүчний шилжилт хийх, газар ашиглалтыг шинэчлэх, хүнсний тогтолцоог өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх хүч чармайлтыг тэргүүлэх чиглэлээ болгох,
  2. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд талуудын дунд зөвшилцлийг бий болгох,
  3. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудад зориулсан алдагдал, хохирлыг бууруулах сангийн үйл ажиллагааг эхлүүлэх,
  4. Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийн талаарх цогц үнэлгээ хийх зэрэг болно.

Тус хурлын даргыг НҮБ-ын газарзүйн бүсчилсэн бүлгүүдээс ээлжлэн сонгодог. Конвенцын Талуудын 26 дугаар бага хурал 2021 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотноо, 27 дугаар бага хурал 2022 онд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болсон.

28 дугаар бага хурал 2023 оны 11-р сарын 30-наас 12-р сарын 12-ны өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо ийнхүү болж байна.

Бага хурлын үеэр буюу 2023 оны 12 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Дубай хотноо болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцох юм.

Улаанбаатарт -8 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -8 хэм хүйтэн байна
 
Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь 8 аймагт зудын эрсдэл өндөр гарчээ
Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь 8 аймагт зудын эрсдэл өндөр гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.