Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТҮҮНИЙ ТУХАЙ: Би гадаадад боловсрол эзэмшсэн орчин үеийн Монгол залуу

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
6 минут 16 секунд

Энэ залууг Г.Дашням гэдэг. Хийж бүтээх, улс эх орноо хөгжүүлэх чин хүсэл зорилготой түүнийг энэ удаагийн "Түүний тухай" булангийнхаа удаах зочноор урьж, ярилцлаа.

Бага байхын л спортод дуртай, бүр хайртай байсан тэрбээр хүүхэд ахуй насандаа өөрийгөө тамирчин болно гэж боддог байсан гэлцдэг. Харин том болохын хэрээр өдрөөс өдөрт хүсэл мөрөөдөл нь хувьсаж, аав шигээ чадварлаг бизнесмэн болно гэх хүслийг тээжээ. Тэр ч утгаараа тэрбээр өнөөдөр үүрэн телефоны үндэсний оператор Жи-Мобайл компанийн ТУЗ-ын даргын албыг хашдаг бөгөөд мөн нийслэлчүүдийн сайн мэдэх Jet скүүтерийг Монголд нутагшуулсан хүн юм.

Өөрөөр хэлбэл түүнийг Жи-Мобайлын Г.Дашням гэдэг байсан бол өнөөдөр Жет скүүтерийн Г.Дашням хэмээдэг болжээ.

Түүний энэхүү бизнесийн санаа ч мөн манай улсын хамгийн гол тулгамдаж буй асуудлаас үүдэлтэй аж. Нэг талаараа энэхүү скүүтерийн үйлчилгээ нь нийслэл хотын түгжрэлийг бууруулах гол зорилготой ч нөгөө талаар түрээсийн скүүтер, дугуйн үйлчилгээ нэвтрэх бүрэн боломжтойг харуулсан юм.

Тэрбээр өнгөрсөн жил Казахстан улсад аялаж байх үеэрээ жет скүүтерийг анх харсан бөгөөд хотын оршин суугчид автомашин гэхээсээ илүүтэй скүүтер унаж, ажил төрлөө амжуулж байсан нь өнөөдөр манай нийслэл хотод нутагших анхны сэдэл болсон аж.

Тэр ч бүү хэл Жет скүүтерийг Монгол Улсад үйлчилгээнд явуулах талаар ажил ид өрнөж байх үед Г.Дашнямын ойр дотнын найз нөхөд хийгээд бүхий л хамаатан садан нь эрсдэлтэй хэмээн эсэргүүцэж байсан ч эрсдэлийг тооцон, зоригтой алхам хийж нийслэлд оруулжээ. Тийм ч учраас өнөөдөр нийслэлчүүд түрээсийн скүүтерийг хэдийнээ мэддэг болж, дулааны улиралд хамгийн түгээмэл сонгон хэрэглэх унаагаа болгосон байна.

Жет скүүтер эхний жилдээ нийслэлчүүдийг амжилттай тээвэрлэн олон олон боломжийг нээснээс гадна хэд хэдэн дутагдал бий гэдгийг ч сануулаад амжжээ. Учир нь манай улсад скүүтер болон дугуйн зам хомс учир хэрэглэгчийн биед доргилт их мэдрэгдэж байсан тул үүнийг иргэд ихээхэн шүүмжилсэн байдаг. Бас түүнээс гадна хэд хэдэн дутагдал анзаарагдсан бөгөөд энэ болгоныг засахаар хүйтний улиралд хичээн ажиллаж буй талаар ч бидэнд ярьсан юм. Түүнчлэн энэ хавар дахин 3000 Жет скүүтер шинээр орж ирэх бөгөөд 80 ботын буюу илүү шинэ загварын, хүчин чадал сайтай, зөөврийн батерейтай бүр амаржинтай скүүтерүүд үйлчилгээнд гарах аж. Харин үнийн хувьд тодорхой хэмжээгээр өндөр байх гэнэ.

Энэ бол түүний хийдэг ажлын ердөө нэг хэсэг нь. "Jet Scooter Mongolia" компанийн захиралаас гадна тэрбээр Жи-Мобайл компанийн ТУЗ-ын дарга гэдгийг өмнө нь дуулгасан. Үндэсний хэмээх тодотголтой үүрэн холбооны офератор тус компани олон жилийн турш Монголчуудтай хамт байгаа. Гаднын хөрөнгө оруулалтаас үргэлж татгалздаг хэмээн тэрбээр ярих бөгөөд үүний учрыг тайлбарлахдаа, "Монголдоо үндэсний гэх тодотголтой компани байж, өөрсдөө хийж бүтээж, хэрэглэгчдэдээ илүү их боломж олгохыг эрхэм зорилгоо болгодог" хэмээсэн юм. Бас тус компанид гаднын боловсон хүчнээс илүүтэй Монголын чадварлаг инженер, техникийн ажилтнууд ажилладаг ба энэ нь ч мөн үндэсний гэх тодотголтой ихээхэн хамааралтай аж.

Г.Дашням нь "Монголын Жүдо бөхийн холбоо"-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй. 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл уг албан тушаалыг хашиж байгаа тэрбээр өмнө нь "Монголын туялзуур сэлэмний холбоо"-ны ерөнхийлөгчөөр ч ажиллаж байсан түүхтэй. Тэр ч бүү хэл багаасаа спортод хайртай байсан учир өөрийн гэсэн хөл бөмбөгийн багийг ч үүсэн байгуулж байв.

Харин одоо тэрбээр жюү жицүгийн тамирчин. Түүний хувьд жюү жицүгийн спортод дурласан хэмээн ярих агаад өдгөө 5 жилийн турш хичээллэж байгаа гэнэ. Энэ хугацаанд Дэлхийн аваргын тэмцээнээс эхлээд бусад мэргэжлийн тэмцээнд ч амжилттай оролцож, цэнхэр бүсийн эзэн аж. Тэрбээр энэхүү спортыг бие хамгаалах урлаг хэмээн боддог тухайгаа хэлж, цаашид өсөн дэвжих хүсэл тэмүүлэлтэй залууст ч илүү олон боломж олгох чин хүсэлтэйгээ дуулгаад амжив.

Бас түүний хамгийн эрхэм зорилго нь Монгол эх орноо гаднын улс шиг хөгжүүлж, өөрийн үзэж, харсан бүхий л зүйлсээ эх орондоо хэрэгжүүлэх хүсэлтэйгээ уламжилсан юм. Тэрбээр энэ хүсэлдээ хүрэхийн тулд НАМЗХ-ны гишүүнээр элссэн байна. Өдгөө тэрбээр НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчийн албыг хашиж буй аж.

Г.Дашням ярилцлагынхаа төгсгөлд "Би өнөөдөр 37 настай энгийн л нэг залуу. Өөрийгөө мэдлэг, боловсролтой мундаг залуу гэж хэлэхгүй. Харин гадаадад боловсрол эзэмшсэн орчин үеийн Монгол залуу л гэж хэлнэ. Өөрийн харсан бүх зүйлээ эх орондоо хэрэгжүүлэх юмсан гэх мөрөөдөл надад байна. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээнгүйлэн ажиллах болно" хэмээснээр ярилцлага өндөрлөсөн юм.

СУРВАЛЖИЛГА: Хатгаанаас илүү залгиур хоолойн үрэвсэл, харшлын гаралтай ХАНИАД их байна
СУРВАЛЖИЛГА: Хатгаанаас илүү залгиур хоолойн үрэвсэл, харшлын гаралтай ХАНИАД их байна
 
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.