Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДШ-ээс О.Мөнхсайхан, Г.Алтанчимэг нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулахаар УИХ-д санал болгов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 12 секунд

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Эрдэнээгийн Энхтуяаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон бол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 36 дугаар тогтоолын дагуу Одонхүүгийн Мөнхсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд танилцуулж буйг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг хуралдаанд танилцуулсан юм.

Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь 1983 онд Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн. 40 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийж, 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2011 онд хууль зүйн докторын зэргээ тус тус хамгаалжээ. Түүнд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор дэд профессор цол олгосон байна. Англи хэлтэй. 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессороор нийтдээ 18 жил ажилласан бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа юм байна. О.Мөнхсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургууль болон хуульч, шүүгчийн үргэлжилсэн сургалтад Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүй, эрх зүйн болон улс төрийн философийн хичээлийг заадаг байна. Сүүлийн 10 жилд мэргэшсэн чиглэлээрээ 30 орчим судалгааны төслийг дангаараа болон багаар хэрэгжүүлж, 9 ном, сурах бичиг, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг англи, монгол хэлээр хэвлүүлсэн байна. Түүнчлэн 60 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлсэн болохыг танилцууллаа. Тэрбээр АНУ-д Вашингтоны их сургууль болон Жорж Вашингтоны их сургуульд зочин судлаач, Япон Улсын Нагояагийн их сургуульд гадаад судлаачаар ажиллаж байжээ.

Нэр дэвшигч О.Мөнхсайхан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн болзол, шаардлагыг бүрэн хангасан хууль зүйн өндөр мэргэшилтэй, Үндсэн хуулийн эрх зүйн дагнасан судлаач, багш, профессор гэдгийг танилцуулгын төгсгөлд дурдав.

Улсын дээд шүүхийн санал, нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авав. Нэр дэвшигч О.Мөнхсайхан гишүүдийн тодруулсны дагуу Үндсэн хуулийн хяналтын талаар, парламент болон Үндсэн хуулийн шүүхийн харилцааны зарчмын талаарх байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг гишүүдийн асуултад хариулахдаа, Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал томилох хуулийн зохицуулалтын дагуу нэр дэвшигчийг Улсын дээд шүүхээс санал болгож байгааг хэллээ. Хууль тогтоомжид заасны дагуу нэр дэвшүүлэх хүсэлтийг нээлттэй зарлаж, ирүүлсэн материалд үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг зохион байгуулсан байна. Нэр дэвшигч хуульд заасан бүх болзлыг хангаж байгаагийн зэрэгцээ нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан учраас ийнхүү Улсын Их Хуралд танилцуулж байгаа гэдэг тайлбарыг тэрбээр өгсөн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлээд, хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, улс төрийн аль нэг намд харьяалагдаж байгаагүй мэргэшсэн судлаач болохыг онцолж “Монгол Улсын хувь заяаг хуультай нь нийцүүлж, хуулийн үг, үсэг, таслалтай нь нийцүүлэн Үндсэн хуулийн түвшинд хуулийн хэрэгжилтийг хангах гол бүтцийн нэг хэсэг болж байгаагийн хувиар зарчмаа хатуу баримталж ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажлуудаа үргэлжлүүлээрэй” гэлээ.

Янжуур тамхи болон халаадаг тамхи нь утаанд агуулагдах хортой бодисоороо ялгаатай
Янжуур тамхи болон халаадаг тамхи нь утаанд агуулагдах хортой бодисоороо ялгаатай
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц