Нийслэлийн 18-р сургуульд хордсон хүүхдүүд, эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэ үеэр эцэг, эхчүүд дараах мэдээллийг өглөө.
"Манай хүүхдийн биеийн байдал хөнгөн байна. Гэхдээ дотор муухай оргих, толгой өвдөх, хоолны дуршил муудсан байгаа. Насан туршдаа астматай болчих вий гэж айж байна. Бид нар хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодоод агаарт гаргаж, эмчилгээнд явуулмаар байна.
ЭХЭМҮТ-д хордлого тайлах эмчилгээ л хийж байгаа. Оношыг нь тогтоочихвол эмчлэгддэг гэх мэдээллийг өгсөн" гэсэн бол өөр нэгэн ээж,
"Одоогийн байдлаар 30 гаруй хүүхдэд шинж тэмдэг илэрсэн байгаа. Гэхдээ дархлаанаас хамаарч өөр өөр байгаа. Эхний удаа хордоход, толгой нь өвдөөд, бөөлжөөд эхэлсэн байгаа юм. Тухайн үед манай охин над руу хоолой боох гээд байна гээд ярьсан. Тэгээд очтол хүүхдүүд маань бие мэдрэхээ больчихсон байсан.
Хүүхдүүд 7 хоног эмнэлэгт эмчлүүлээд гарсан. Гэтэл сая 12-нд агаар муу байсан болохоор хүүхдүүдэд дахин шинж тэмдэг илэрсэн. Түүнээс гадна сая хүүхдүүд хөл дээрээ ч явж чадахгүй, биеэ мэдрэхээ болиод, гараа атгаж чадахгүй болчихсон. Ямар бодисонд яаж хордохоороо ийм байдаг юм бэ маш сонин. Тэгээд хариу нь гараагүй сар болчихлоо.
Эхний өдөр манай охин маск зүүсэн байсан болохоор арай гайгүй болоод гэртээ буцсан. Маргааш гэртээ өдөржин, толгой гэдэс нь өвдөж байгаад орой гэнэт "Ээжээ би амьсгалж чадахгүй байна" гээд шууд дөрвөн мөч нь татсан. Тэгээд яаралтай ӨЭМТ-дөө очоод өрхөөсөө 103-аар эмнэлэгт ирсэн. Бүр биеэ мэдрэхээ больчихсон. Ер нь эвгүй үнэр үнэрлэлээ л бол тэр дороо бүх хүүхдүүдийн толгой өвдөөд бөөлжөөд уначихаж байгаа юм.
Охин маань 4 мөч нь татаад агаар дутагдахад, үхэхэд үнэхээр ойрхон байсан. Охин маань хоол бага иддэг, их туранхай учир дархлаа муу. Тиймээс хамгийн их хордчихоод байгаа юм. Бид гомдолтой байна. Бүтэн сар болчихоод байхад шинжилгээний хариу гарахгүй байна" гэлээ.