Олимпын аварга Э.Бадар-Ууган Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ажилладаг. Энэ хугацаанд спорт сонирхогчдын хандив тусламжаар МҮОХ-ны 0.7 га газрын 1980м2 талбайд баригдсан тамирчдын сэргээлтийн төв гэх таван давхар барилгыг 2018 онд өөрийн эзэмшилд шилжүүлж, үр суулгах эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.
Улмаар энэ үйлдэл нь илтэд хууль бус байсан тул тухайн үеийн МҮОХ-ны ерөнхийлөгч хууль бусаар газар олгосон хэмээн ял авсан юм. Удалгүй түүнийг өршөөлийн хуулиар суллаж, хууль зөрчиж газартай болсон Олимпын аварга Э.Бадар-Ууганы эзэмшил газар “Өөжин Мэд” эмнэлэг нь МҮОХ-нд газар чөлөөлж өгөлгүй үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа бөгөөд эл асуудалд холбогдох байгууллагууд анхаарал хандуулсангүй өдийг хүрчээ.
Гэтэл Олимпын аварга Э.Бадар-Ууганы МҮОХ-ны газарт буюу “Өөжин Мэд” эмнэлгийн чанх хойд талд 20 давхар орон сууцны хороолол барихаар барилгын ажлаа эхлүүлжээ. Ингэхдээ барилгын талбайн хажууд байрлах барилгаас 5 метр хүрэхгүй зайд өрөмдлөг хийж байгаагаас ойролцоо байрлах Yamaha барилгад чичирхийлэл мэдрэгдэж эхэлсэн байна.
Иймд тус барилгын СӨХ болон оршин суугчид холбогдох байгууллагуудад барилга баригдаж буй газрыг чөлөөлж, хууль бус газрын зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт хүргүүлжээ.
Харин Хот байгуулалтын хөгжлийн газраас шалгалт хийж, улмаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах шийдвэр гаргасан байна.